Аймгийн ИТХ, Засаг даргын зөвлөлийн хурлаар “Авлигын эсрэг Өвөрхангай аймгийн стратеги төлөвлөгөө”-г хэлэлцэн баталлаа. Авлига нь шударга ёсны үнэлэмжийг бууруулж, улс орны хөгжилд чөдөр тушаа болж, нийт иргэдийн эрх ашгийг хохироож байдаг сөрөг муу талтай тул Монгол улс авлигатай тэмцэх асуудалд анхаарал хандуулж байгаа юм. Өвөрхангай аймгийн авлигын индекс 0,66 байгаа нь бусад аймагтай харьцуулахад 5 дугаарт бичигдэж байгаа бөгөөд Захиргааны болон өөрөө удирдах байгууллагад ашиг сонирхлын зөрчил их, авлигатай тэмцэх үйл ажиллагаа үр ашигтай бус гэсэн үзүүлэлт өндөр, харин хээл хахуулиар асуудлыг шийддэг, удирдлагын шийдвэр нээлттэй бус гэсэн үзүүлэлт доогуур байгаа аж.
Тиймээс аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, 2013 оны аймгийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлд тусгасны дагуу “Аймгийн авлигын эсрэг стратеги төлөвлөгөө”-г баталжээ. Уг төлөвлөгөө нь Урьдчилан сэргийлэх стратеги, Соён гэгээрүүлэх стратеги, Байгууламжийг бий болгох стратеги, Албадах стратеги гэсэн 4 чиглэлээр зорилт, хэрэгжүүлэх арга хэмжээг тодорхойлсон байна. Энэ хүрээнд төрийн байгууллагуудын үйл ажиллагааны үр ашгийг дээшлүүлэх, нээлттэй болгох, ёс зүйн стандарт, урамшуулал, хариуцлагын тогтолцоог сайжруулах, авлигын хор хөнөөлийн талаар олон түмэнд ойлгуулах, хууль тогтоомж зөрчигчдөд хариуцлага хүлээлгэх зэрэг олон арга хэмжээг төлөвлөж 2015 он хүртэл хэрэгжүүлэх юм.