АЙМГИЙН ХӨГЖИМТ ДРАМЫН ТЕАТРТ "АЛТАНГАДАС" ОДОН ГАРДУУЛЛАА
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны 141 дүгээр зарлигаар Өвөрхангай аймгийн Хөгжимт драмын театрыг “Алтан гадас” одонгоор шагналаа. 1932 онд “Улаан гэр” нэртэйгээр тулгын чулуугаа тавьж, хоёр орон тоотой ажиллаж эхэлсэн тус байгууллага жил тутамд бүтэц, орон тоогоо нэмэгдүүлэн урын сангаа арвижуулж, улмаар 1957 онд Соёлын ордон болон өргөжсөн байна. 1985 онд МАХН-ын Төв хорооны 166 дугаар тогтоолоор Өвөрхангай аймгийн Хөгжимт драмын театр хэмээх албан ёсны нэршилтэй болж, Д.Намсрайн “Алтан түлхүүр” драмын жүжиг, “Аз жаргал” концертоор анхны уран бүтээлээ эхлүүлж байсан түүхтэй ажээ. Түмэн олонд урлаг, соёлыг түгээх ажлыг 89 жилийн хугацаанд тасралтгүйгээр авч яваа ололт амжилтыг нь төр засгаас үнэлж ийнхүү төрийн дээд одон медалиар шагнаад байна. УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн, С.Чинзориг, Г.Ганболдын дэмжлэгтэйгээр тус театрын тоног төхөөрөмжийг шинэчлэх 100 гаруй сая төгрөгийн санхүүжилтыг улсын төсөвт суулгасан бөгөөд батламжийг аймгийн Засаг дарга А.Ишдорж гардууллаа.
2021-08-24 12:07:57