Олон улсын хуралд илтгэл тавив
NEAR Холбоо (Зүүн хойд Азийн орон нутгийн Засаг захиргаадын холбоо)-ны ээлжит 13 дугаар Бүгд хурал “Хамтдаа туулсан 25 жил, цаашдын Зүүн хойд Азийн ирээдүй” уриан дор 2021 оны 8 сарын 10-ны өдөр ОХУ-ын Бүгд найрамдах Саха улсын Засгийн газар цахимаар зохион байгууллаа. NEAR - холбоо нь тус бүс нутгийн орон нутгийн засаг захиргаадаас гишүүнчлэлээ бүрдүүлдэг бөгөөд тэдгээр улс орнуудын төв Засгийн газрууд оролцдоггүй онцлогтой билээ. Тус хуралд НҮБ-ын 8 дугаар Нарийн бичгийн дарга Бан Ги Мүн болон Зүүн хойд Азийн нутгийн захиргаадын холбоодын ерөнхий нарийн бичгийн дарга, төлөөлөгч, гишүүн улсууд болох ОХУ, БНХАУ, БНСУ, Япон, Монгол зэрэг нийт 5 улсын 73 орон нутгийн 250 гаруй хүндэт элч, төлөөлөгч нар оролцож Холбооны тайлан, тэргүүлэгч орон нутгийг сонгох, гишүүн орон нутгуудын хамтын ажиллагааны чиглэлийг тодорхойлох зэрэг асуудлыг хэлэлцсэн юм. NEAR Холбооны 13-р Бүгд хуралд аймгийн Засаг даргын орлогч И.Доржсүрэн Өвөрхангай аймгаа төлөөлөн оролцож “Торгоны зам ба Хархорум” сэдвийн хүрээнд Хархорум хот болоод Орхоны хөндийн аялал жуулчлалын бүс нутагт тулгуурласан аялал жуулчлалыг олон улсын хэмжээнд хөгжүүлэхэд хамтран ажиллах боломж, гарцын талаар танилцуулж, хэлэлцүүлсэн нь аймаг, орон нутгийнхаа аялал жуулчлалыг таниулах, сурталчлах чухал алхам боллоо.
2021-08-24 12:28:29