Арвайхээр хотыг өргөжүүлж, шинэ суурьшлын бүсэд бүтээн байгуулалтын ажил эхлүүлэхээр төлөвлөөд байна. Энэ тухай болон хот төлөвлөлтийн зарим асуудлыг аймгийн Ерөнхий архитекторч Л.Манлайбадрахаас тодрууллаа.
Арвайхээр хотын шинэ суурьшлын бүс гэж их яригдаж байгаа. Энэ нь одоо байгаа хотын аль хэсэгт бий болох юм, одоогоор аль шатандаа явж байна вэ?
- Арвайхээр хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг 2008-2009 онд шинэчлэн боловсруулж, үүнд хотын шинэ төв байгуулахаар тусгасан. Ер нь хот байгуулалтын төлөвлөлтийг хэд хэдэн үе шаттай боловсруулдаг. Одоогоор шинэ суурьшлын бүсэд хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө боловсруулж, аймгийн ИТХ-аар оруулан Тэргүүлэгчдээр хэлэлцүүлэхэд болоод байна. Уг төлөвлөлтийн ажлыг Засгийн газрын аймаг бүрт 1000 айлын орон сууц барих хөтөлбөрийн хүрээнд БХБЯ-ны санхүүжилтээр мэргэжлийн байгууллага боловсруулж байгаа юм.
Шинэ төвийг одоо байгаа хотынхоо урд хэсэгт байгуулна. Морь барианы талбай, Нисэхийн зурвас газрыг хамруулан 200 га газар төлөвлөснөөс эхний ээлжинд 75 га газарт хэсэгчилсэн төлөвлөгөө хийж байна.
Шинэ төвд ямар бүтээн байгуулалтыг хийхээр төлөвлөөд байна вэ?
- Шинэ төвийн инженерийн шугам сүлжээний ажлууд хийгдээд эхэлсэн. Тухайлбал 2012 онд шинэ төврүү 1 км авто зам тавьсан. Мөн цэвэр усны кольцо шугам, бохир усны гол шугамыг татсан. Цаашид төлөвлөгөөний дагуу нийт 3600 айлын орон сууц, хүүхдийн цэцэрлэгүүд, сургууль, төрийн байгууллагын байр, кино театр, өрхийн эмнэлэг, худалдаа, үйлчилгээний болон нийгмийн бусад үйлчилгээний барилгууд бүхий шинэ хороолол төлөвлөгдөж байна. Мөн одоо байгаа цэвэрлэх байгууламжийг нүүлгэх, бусад салбар шугам сүлжээг татах, хувийн хэвшлийг дэмжих замаар орон сууцны барилгуудыг барих зэрэг ажлуудыг уг төлөвлөлттэйгөө уялдуулна.
Дулааны станцын талаар бас сураг гараад байгаа. Энэ талаар...?
- Арвайхээр хот нь одоог хүртэл дулааны нэгдсэн эх үүсвэргүй явж ирсэн. Арвайхээр хотын хот байгуулалтын төлөвлөгөөний дагуу дулааны станц барих ажил яригдаж байгаа. Техник эдийн засгийн үндэслэл, ажлын зураг төслийг мэргэжлийн байгууллагаар боловсруулж баталсан. Одоо угсралтын ажлыг гүйцэтгэх санхүүгийн асуудал яригдаж, Засгийн газарт санал хүргүүлээд байна. Дулааны нэгдсэн эх үүсвэртэй байх нь агаарын бохирдлыг бууруулахаас гадна хэрэглээний халуун усыг ард иргэд хэрэглэх, дулаан үйлдвэрлэлийг түшиглэсэн жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх зэрэг олон ач холбогдолтой.
Онги голоос цэвэр ус татах ажил хэр явж байна?
- Арвайхээр хотын одоо ашигладаг цэвэр усны эх үүсвэр нь нөөц багатай, усны хатуулаг чанар нь тохиримжгүй байдаг. Гэр хорооллын усан хангамжийг сайжруулах зорилгоор Онги голын сав газраас ундны цэвэр ус татах ажил ид өрнөж байна. Онги голоос ус татах биш, сав газраас гэж ойлгох хэрэгтэй. Онгийн гүүрний орчим гүний усаараа хамгийн их нөөцтэй гэж судлагдсан байдаг. Арвайхээр хотын цэвэр усан хангамжийг эндээс шийдэх нь хамгийн тохиромжтой тул энэ хэсгээс гүний гурван худгаар ус сорон авч, Арвайхээр хүртэл 16 км шугамаар татан одоо байгаа усан сан буюу манайхны хэлж заншсанаар тэсэлгээн дээр авчирч, тэндээсээ хэрэглэгчдэд түгээхээр бүтээн байгуулалтын ажил хийгдэж байна. Энэхүү ажлыг Азийн Хөгжлийн банкны санхүүжилттэй "Мон-23" төслийн хүрээнд хөнгөлөлттэй зээлээр санхүүжүүлэн барьж байгаа. Дан ганц цэвэр усны шугам татах биш, одоо байгаа усан санг өргөтгөх, гэр хороолол дундуур 13 км цэвэр усны шугам татан 18 ус түгээх байрыг цэвэр усны төв шугамд холбох, хотын төвийн кольцо шугамыг шинэчлэх зэрэг ажлууд хийгдэнэ. Ажлын явц одоогийн байдлаар 35% тай байна.
Саяхан аймгийн ИТХ-аар Гэр хорооллын стандарт боловсруулан батлуулсан байна. Энэ талаар товч мэдээлэл өгөхгүй юу?
- Аймгийн ИТХ-ын зарим Тэргүүлэгчдээс гэр хорооллын стандарт боловсруулах санал гарч ажлын төлөвлөгөөнд орсон байсан. Тэрхүү стандарт нь Өвөрхангай аймгийн сум суурин газарт гэр хороолол байгуулах, одоо байгаа гэр хорооллыг тохижуулах замаар ард иргэдийн амьдрах орчныг сайжруулах зорилготой юм. Стандартад гэр хорооллын гудамж хоорондын зай, үргэлжлэх урт, хашаа, хайсны хувилбарууд, гудамж дахь гэрэлтүүлэг, тохижилт, айлын хашаан доторх тохижилтын жишээ загвар, инженерийн шугам сүлжээний шийдлийн талаар тусгасан. Стандартыг аймгийн ИТХ-ын тогтоолоор баталж, аймаг, сумын Засаг дарга нарт хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулахыг үүрэг болгосон. Гэр хорооллын стандартыг хэрэгжүүлэх дэс дараатай ажлууд удахгүй хийгдэж эхэлнэ.
Ярилцсан Б.Чимэг