• Албан ёсны цахим хуудас
НИЙТИЙН ТЭЭВЭР АХМАД, ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДЭД ҮНЭГҮЙ ҮЙЛЧИЛЖ БАЙНА

   “Төрийн үйлчилгээний шинэчлэл, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх жил”-ийн хүрээнд аймгийн Засаг даргын дэргэдэх агентлагуудын удирдлагууд долоо хоног тутам шуурхай хурал хийн, туршлага солилцож хэвшээд байна. Өнөөдөр уг хурал аймгийн Тээвэр авто замын газар болсон бөгөөд  байгууллагын дарга О.Пүрэвдорж авч хэрэгжүүлж буй үйл ажиллагаагаа танилцууллаа. Тээвэр, авто замын газар нь хот хоорондын зорчигч тээвэр, орон нутгийн зорчигч тээвэр, орон нутгийн чанартай авто зам, замын байгууламжийн засвар арчлалтыг зохицуулж, хяналт шалгалт хийх үүрэгтэй ажилладаг бөгөөд хот  хоорондод 8 ААН-ийн том оврын 37, дунд оврын 40, бага оврын 41 автобус, орон нутагт 12 ААН-ийн 20 орчим бага оврын автобус гэрээ байгуулан ажиллаж байна. Мөн Арвайхээр суманд нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэх тендер зарлан, “Өвөрбүрд” ХХК шалгарч, бага оврын 5 автобус иргэдэд 400, хүүхдэд 200 төгрөг, аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасны дагуу 2013 оноос хөгжлийн бэрхшээлтэй иргэн, ахмадуудад үнэ төлбөргүй үйлчилж байгаа аж.  

    “Хот хоорондын зорчигч тээврийн үйлчилгээг оройн 20 цагаас явуулах эрх зөвхөн Өвөрхангай аймагт байгаа юм. 2011 онд 51929, 2012 онд 61200 иргэн хот хоорондод зорчсон бол энэ онд хэдэн хувь илүү тоо гарна. Жилээс жилд зорчигдын тоо нэмэгдэж байгаа” гэж газрын дарга онцоллоо. Тус байгууллага 2011 онд Авто санд 154 сая, 2012 онд 282 сая төгрөгийн орлого оруулжээ.  Хурлын үеэр албан газрын удирдлагууд хэд хэдэн санал тавьлаа. Тухайлвал хот хоорондод зорчих том оврын автобусны зорчигчдод зориулсан телевизээр аймаг, орон нутгийн бүтээн байгуулалттай холбоотой нэвтрүүлгүүдийг цацах, иргэдэд зориулсан ачаа тээврийн унаа тусад нь явуулах,  замын засвартай холбоотойгоор замын хөдөлгөөнд саад үүсгэлгүй, аюулгүй байдлыг хангаж ажиллах  талаар санал хүсэлт тавьж, сонирхсон асуултандаа хариулт авлаа.

2013-06-25 03:05:41