Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын нутаг, Орхон голын Онгоцтойн-Амны гүүрийг ашиглалтад оруулж, энэ сарын 24-ний өдөр нээлтээ хийлээ.
Улсын төсвийн 9 тэрбум төгрөгийн хөрөнгөөр 220 метр урттай төмөр бетонон гүүрийг барьж байгуулсан нь малчид өвөлжөө, хаваржаагаа сэлгэн нүүдэллэх, төв рүүгээ орж, төрийн үйлчилгээ авах, дотоод, гадаадын аялагч жуулчид байгалийн үзэсгэлэнт газраар явахад Орхон голыг саадгүй гатлах боломж бүрдэж байна.
Тэрчлэн уг гүүрээс Бат-Өлзий сумын төв хүртэлх 7.6 км хайрган зам, Цагаан голын 30.6 метр төмөр бетонон гүүр, Могойтын гол, Улаан гол, Үүртийн тохойн гүүрүүдийг хамтад нь шинэчлэн барьж байгуулснаар орон нутаг төдийгүй бүс нутгийн хэмжээнд аялал жуулчлалыг хөгжүүлэх томоохон гарцыг нээгээд байна. Эдгээр дэд бүтцийн ажлыг “Мотор сервис” ХХК хийж гүйцэтгэжээ.
Тус суманд жилд гадаад, дотоодын 11-12 мянган аялагч, жуулчид хүрэлцэн ирж, Улаанцутгалантын хүрхрээ, Төвхөн хийд, Могойтын рашаан, Үүртийн тохой гэхчлэн олон үзэсгэлэнт газраар аялж, амарч зугаалдаг байна.