Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд Өвөрхангай аймаг нэгдэхээ илэрхийлж, анхны зөвлөлдөх уулзалтаа зохион байгууллаа.
Уулзалтад аймаг, орон нутагтаа мод, бут тарьдаг иргэн, аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл оролцож, өөрсдийн туршлагад үндэслэсэн санал, зөвлөмжүүдийг хэлэв. Монгол орны нийт газар нутгийн 80 орчим хувь нь цөлжилтөд нэрвэгдэж, байгаль орчин эрс доройтсон энэ хүнд үед Ерөнхийлөгчийн санаачилга цагаа олсон, үр дүнтэй хэрэгжүүлж болохуйц ажил гэдгийг уулзалтад оролцогчид хэлж байлаа.
Хамгийн гол нь төр засгаас нэгдсэн бодлого, зөв зохион байгуулалтаар хангаж, мод тарих нөхцөлийг бүрдүүлж өгөх нь зүйтэй гэсэн саналыг дэвшүүлж, мод тарьж ургуулах нь хөрс, усны эх үүсвэр, багаж хэрэгсэл, чанартай суулгац, хариуцах эзэн зэрэг олон хүчин зүйлийн бүрдэл бөгөөд нэг удаагийн ажил биш, уйгагүй хөдөлмөрийн үр дүн байдаг гэдгийг хэлж байсан юм.
Аймгийн Засаг дарга А.Ишдорж “Энэ ажлыг эхлэхийн өмнө аймгийнхаа хэмжээнд жилд хэдэн нэр төрлийн, хэчнээн мод бут тарих боломжтойг тооцох, энэ салбарт ажиллах хүн хүчний судалгааг гаргаж, бэлтгэж чадавхжуулах, хөрөнгө санхүүгээ бүрдүүлэх гээд олон асуудал бий. Уриа, лоозон төдий биш, бодит судалгаанд тулгуурласан үр дүнтэй ажил болох ёстой” хэмээн онцлов. “Өнөөгийн байдлаар аймгийн мод үрсэлгээний цэгүүдээс жилд 150 мянга орчим суулгацыг гаргаж байгаа ба жилд нэг сая мод тарина гэвэл тэр хэмжээгээр үрсэлгээ бэлдэж байж зорилтоо хангана гэсэн үг. Тиймээс сайтар тунгааж, хэлэлцэж, илүү нарийвчилсан төлөвлөгөө боловсруулж, чиг баримжаагаа тогтоосны дараа Өвөрхангай аймагт тарих модны тоог тодорхой болгоно” хэмээн тэрбээр хэллээ. Одоогоор аймгийн хэмжээнд суурьшлын бүсийн 44613 га талбай байгаагаас ногоон байгууламж 140 га талбайг эзэлж байна. Мөн “Бүх нийтээр мод тарих үндэсний хөтөлбөр”-ийн хүрээнд 2010 оноос хойш 28 мянган мод, бутыг тариад байгаа аж.