Энэ жил Засгийн газраас олгосон квотын дагуу сум бүр аюулгүй нөөцдөө 50 тн тэжээл, 150 тн өвс бэлтгэх үүрэгтэй. Үүнийг орон нутгийн өмчит “Өв Агро” компанийн тариалж буй ногоон тэжээлээр бүрдүүлэх үүргийг аймгийн Засаг даргаас өглөө.
Энэ дагуу сумдын удирдлагууд тус компанийн малын тэжээл, ургац хураалтын явцтай танилцаж, захиалга өгөөд байна. Өвс тэжээлийн үнийн хөөрөгдлийг барих, малчдад эдийн засгийн хэмнэлт үзүүлэх зорилгоор аймгаас “Өв Агро” ОНӨХХК-ийг байгуулж, 465 га талбайд малын тэжээл тариалсан.
Одоогоор ургац хураалтын ажил ид өрнөж байгаа бөгөөд вандуй, овъёос, улаан буудай, арвай гэсэн дөрвөн төрлийн үрээр тарьж ургуулсан, тэжээллэг чанар сайн ногоон тэжээлийг газар дээр нь нэг боодлыг 6 мянган төгрөгөөр борлуулж байна. Мөн малчид нэг портер задгайгаар ачсан тэжээлийг 50 мянган төгрөгөөр авч байгаа аж.
Харин аймгийн зах зээлд нэг боодол малын тэжээл 9 мянган төгрөгийн үнэтэй байна.