"ITM-Mongolia 2021" Олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнд Өвөрхангай аймаг ач холбогдол өгөн оролцлоо.
Тухайлбал, үзэсгэлэнд аймгаа төлөөлөн оролцож байгаа 12 аж ахуйн нэгжийн талбайн түрээсийг төлөх, орчин нөхцөлийг бүрдүүлэх чиглэлээр аймгаас тодорхой зардлыг гаргасан бөгөөд аялал жуулчлалын бүтээгдэхүүн, үйлчилгээгээ дижитал хэлбэрээр сурталчлан таниулав.
Аймгийн хэмжээнд аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй жуулчны баазууд, үзвэр, үйлчилгээ, үзэсгэлэнт газруудын тухай цогц мэдээллийг багтаасан Uvurkhangai travel app цахим платформыг үүсгэж, үзэсгэлэнгийн үеэр олон нийтэд сурталчиллаа.
“Сүүлийн хоёр жилд “Ковид 19” цар тахлын нөлөөгөөр гадаадаас ирэх жуулчдын тоо хязгаарлагдсан ч дотоодын амрагч, зорчигчдын урсгал их байсан. Тиймээс аялагч амрагчдын сэтгэл ханамжийн баталгааг хангах, тэднээс орж буй эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэхэд uvurkhangai travel app чухал хувь нэмэр оруулна гэж бодож байна” хэмээн аймгийн Засаг дарга А.Ишдорж хэлэв.
Уг аппликэйшнийг гар утсандаа татан суулгаснаар Өвөрхангай аймгийн аялал жуулчлалын салбарын цогц мэдээллийг авах боломжтой юм.