Аймгийн ИТХ-ын ээлжит 5 дугаар хуралдаан 7 сарын 1-нд боллоо. Нийт 41 төлөөлөгчөөс 34 төлөөлөгч ирж, 82,3 хувийн ирцтэй эхэлсэн тус хуралдааны эхэнд Арвайхээрийн шинэ суурьшлын бүсийн төлөвлөгөөг хэлэлцэж баталсан юм. Өвөрхангай аймгийн төвийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг 1986, 2000, 2009 онд тус тус боловсруулж байсан бөгөөд одоогоор Арвайхээр хотын урд хэсэгт 200 га газар шинэ суурьшлын бүсийн хэсэгчилсэн төлөвлөгөөний зураг төслийг Нарт дизайн ХХК-иас боловсруулж байна. Арвайхээр хот нь өнөөдрийн байдлаар 8284 өрх, 28722 хүн амтай. 2020 онд 48.4 мянган хүн амтай болно гэсэн тооцоо байгаа тул нутаг дэвсгэрийн зүүн урд шинэ Арвайхээр хотыг байгуулахаар төлөвлөсөн бөгөөд зураг төсвийг боловсруулагч компанийн зүгээс нийт хүн амын 45-50 хувь нь оршин сууж, тэдний 34 хувь нь орон сууцанд амьдрах боломжтой гэж үзэж байгаа юм. Мөн сургууль, цэцэрлэг, өрхийн эмнэлэг, зочид буудал, оффис, худалдаа үйлчилгээний төв, ногоон байгууламж, усан сан, 5-9 давхар орон сууцнууд зэргийг төлөвлөжээ.
Иргэдийн Хурлын Төлөөлөгчид шинэ суурьшлын бүсийн зураг төсөлтэй танилцаж, инженерийн шугам сүлжээг төлөвлөсний дараа бусад бүтээн байгууллалтаа байршуулах саналыг тавьлаа. Одоогоор шинэ суурьшлын бүс рүү 1 км бохир, 2 км цэвэр усны шугамыг татсан, ирэх оны улсын төсөвт 2.7 тэрбум төгрөг суулгаж, 3 км дулааны, 3.2 км бохирын, 1 км цэвэр усны шугам татна гэсэн тооцоотой ажиллаж байна. Төлөөлөгчдийн зүгээс барилгын чанар, хог хаягдлын тухай асууж, орон сууцнуудыг 5-аас дээш давхар, орчин үеийн өнгө, дизайн, технологиор барих, нийтийн эзэмшлийн зам, талбайг ногоон байгууламж, 3-4 урсгалтайгаар тавих зэргээр одооны Арвайхээрээс тэс өөр, шинэлэг байдлаар байгуулах саналыг тавьж байв. Харин аймгийн Засаг даргын зүгээс “ Миний хувьд орон нутгийнхаа компаниудыг л чадавхижуулах, дэмжих юмсан гэсэн бодлого барьж, орон нутгийн барилгын компаниудынхаа хэмжээнд л ажиллаад байгаа юм. Түүнээс биш Улаанбаатраас барилгын компаниуд авчраад олон давхар барилга бариулж болно. Тэр байтугай Хятадын компаниас хүртэл барилга баръя гэсэн санал ирж байна. Ганцхан Өвөрхангайнхаа хэдэн компанийг л дэмжиж ажиллая гэж бодоод байна. Тэгвэл Иргэдийн хурлаас 9 давхар барилга бариулна гэсэн шийдвэр гаргаж өг. Тэгвэл би Улаанбаатраас компаниуд дуудаад, уриад бариулчихъя ” гэлээ. Маргаан хэсэг үргэлжилсэний эцэст шинэ суурьшлын бүсэд барилга барих үед тухай бүрт нь олон талын мэргэжлийн баг бүрдүүлсэн комиссийг ажиллуулж, бүх санал, нөхцөл бүрдсэн үед шийдвэр гаргаж байхаар тогтлоо.