Богд сум дахь Сум дундын цагдаагийн тасаг улсын төсвийн 300, орон нутгийн 80 сая төгрөгийн төсөвт өртгөөр албаны шинэ барилгатай боллоо.
Нийт 360 метр квадрат бүхий хоёр давхар, 12 өрөөтэй тус барилгын ажлыг “Чусон” ХХК гүйцэтгэсэн бөгөөд Монгол Улсын цагдаагийн байгууллагын хэмжээнд жишиг болохуйц анхны сум дундын цагдаагийн тасгийн байр болж байгааг удирдлагууд онцолж байв.
Богд сум дахь сум дундын цагдаагийн тасаг нь Цагдаагийн ерөнхий газрын даргын 2019 оны А/103 дугаар тушаалаар Богд, Баруунбаян-Улаан, Сант, Гучин-Ус, Төгрөг, Баянгол сумыг хариуцан байгуулагдсан бөгөөд 10 гаруй хүний бүрэлэхүүнтэйгээр гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, аюулгүй байдлыг хангах үндсэн чиг үүргээ хэрэгжүүлэн ажиллаж байна.
Тус албаны чадавхыг бэхжүүлэх үүднээс 2020 онд ОНХС-гийн 30 гаруй сая төгрөгөөр туулах чадвар сайтай автомашинаар хангасан бөгөөд 2021 онд гэмт хэргийн гаралтыг 30 гаруй хувиар бууруулж, илрүүлэлтийг нэмэгдүүлж ажиллажээ.