• Албан ёсны цахим хуудас
Өвөрхангай аймгийн Ахмадын хорооны дарга Д.Баяртогтохын сар шинийн мэндчилгээ.
АМАР БАЙНА УУ? АХМАДУУД АА.
Өнтэй сайхан өвгөн жил улирч, хаврын тэргүүн шинэ сар гарч хүн бүрт нас, хөгжил дэвшилд шинэ уриа дуудлага нэмсэн дэлгэр жил гарлаа.
Эрхэм хүндэт ахмад настнууд болон Өвөрхангайчууд та бүхэнд 17 дугаар жарны “ БУЯН ҮЙЛДЭГЧ” хэмээх усан бар жилийн сар шинийн амар мэндийг айлтган мэндчилье.
Улиран одож буй “Цөөвөр“ хэмээх цагаагчин үхэр жилд дэлхий дэлгэнэсэн дэлгэр жил байж, Монгол Улсад “Ахмадын байгууллага” үүсэн байгуулагдсаны түүхт 90 жилийн ой тохиож аймгийн ахмадын хороо 2021 оныг “Ахмадаа хүндэлье-ахмад 90” уриан дор жилийн аян зарлаж, ахмадын байгууллагуудын дотоод зохион байгуулалтын ажлуудыг сайжруулах, ахмадуудыг хүндэтгэн алдаршуулах, төв орон нутгийн шагнал урамшилд тодорхойлон шагнуулж урамшуулах, ахмадуудыг хүндэтгэн тусалж, дэмжих, тэдний оролцоо, идэвхийг сэргээх соён гэгээрүүлэх зэрэг ажлуудыг идэвхтэй зохион байгууллаа.
Сүүлийн жилүүдэд Ковид-19 өвчины улмаас ахмадын байгуулагуудын зарим ажлууд хязгаарлагдсаныг хэн хүнгүй мэдэж байгаа. Гэсэн хэдий ч бид дотоод зохион байгуулалтын ажлууддаа илүү анхаарч нилээдгүй ажлуудыг зохион байгуулан ахмадын байгуулагуудын үйл ажиллагааг идэвхжүүлэн ажиллав.
Аймаг орон нутгийн хөгжилд бүтээлч хувь нэмрээ оруулсан 900 шахам ахмадуудыг аймгийн Засаг даргын ивээл дэмжлэгээр “Өвөрхангайн Манлай ахмад” медалиар шагнаж, орон нутагтаа 90-ээс дээш насыг зооглож буй түүхт их ойнуудтай нас чацуу эдүүгээ орон нутагтаа эрүүл саруул амьдарч үг, сургаалаа хайрласаар буй 150 шахам өндөр өтөл настанд аймаг сумдын Засаг дарга, аймгийн Ахмадын хорооны дарга нар хүндэтгэл үзүүлэн насны хишиг хүртээх ажлыг зохион байгуулав.
Уянга, Хархорин, Өлзийт, Бүрд, Хайрхандулаан Сант, Төгрөг сумдын хороод ахмадын хуульд заасан өдрийн үйлчилгээг 200 шахам зорилтот бүлгийн ахмадад үзүүүлэв.
Улс, олон нутгийн төсвийн санхүүжилтээр Хархорин Бат-өлзий, Уянга, Сант, Баянгол сумдын ахмадын хороод сумын ахмадын өргөө, байр танхимуудаа засч тохижуулан ашиглалтанд оруулав.
Ахмадын байгууллагын түүхт 90 жилийн ой угтсан номинацаар ахмадын байгууллагуудыг шалгаруулах болзолт уралдаанд ахмадын хороо тэргүүн байр эзэлж шагнагдав.
Аймагтаа Хархорин, Сант, Баянгол сумдын ахмадын хороод тэргүүлж Хархорин сумын ахмадын хороо аймгийн тэргүүний хороогоор шалгарав.
Шинэ хуучин оны зааг дээр Сант сумын ахмадын хороо үйл ажиллагааны үр дүнгээрээ анхан шатны “Улсын тэргүүний хороо”-гоор шалгарсан зэрэг ажлын амжилтуудаар түүчээлэн шинэ онтойгоо учран золгож байна.
Улиран өнгөрч буй үхэр жил аймаг орон нутгийн хөгжил дэвшил, хүн зон, ахмад настнуудад олон чухал үйл явдлуудыг үлдээсэн баялаг түүхтэй он байлаа.
Учран золгож буй бар жилийн эхний хагас жилд аймгийн ахмадын “Бага хурал”, сумдад “ахмад настны нийтийн хурал”-ууд зохион байгуулагдаж өнгөрсөн 4 жилийнхээ үйл ажиллагаанд дүгнэлт хийж ирэх жилүүдийнхээ бодлого зорилтуудаа тодорхойлох түүхэн жил байх болно.
Ийнхүү аймгийн ахмадын хороо ахмад настнуудынхаа төлөө цаг ямагт санаа тавьж, ахмадуудын өмнө тулгамдаж буй ажил асуудлуудыг шийдвэрлэхийн төлөө урьд урьдаас илүү идэвх чармайлт гарган ажиллах болно.
Үе үеийн ахмад настнуудыг ямагт баярлуулж, хүндэтгэж, тусалж дэмжин анхааралдаа байлгадаг төр засаг, аймаг орон нутгийнхаа удирдлага, төр, ТББ, аж ахуйн нэгжүүдэд талархлаа илэрхийлье.
Эрхэм хүндэт ахмад буурлууд аа. Түмэн олон Өвөрхангайчууд аа.
Учран золгож буй усан бар жилдээ төрлөөрөө түвшин амгалан, аз жаргалтай, эрүүл энх байхын өлзийтэй ерөөлийг Та бүхэндээ өргөн дэвшүүлье.

 

2022-02-02 00:00:00