• Албан ёсны цахим хуудас
Нутгийн удирдлагын байгууллагын албан хаагчдын чадавхжуулав

Улсын Их Хурлын Тамгын газар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Өвөрхангай аймгийн Засаг даргын Тамгын газар, Швейцарын хөгжлийн агентлагийн дэмжлэгээр хэрэгжиж буй Төвлөрлийг сааруулах бодлогын дэмжлэг төсөл хамтран “Нутгийн удирдлагын байгууллагын албан хаагчдын чадавхжуулах сургалт”-ыг энэ сарын 26, 27-ны өдрүүдэд Арвайхээр хотноо зохион байгууллаа.

Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийг шинэчлэн найруулж, 2022 оны 1 дүгээр сараас мөрдөж эхэлсэн. Орон нутгийн харилцааг зохицуулж, эрхзүйн байдлыг тодорхойлдог энэ суурь хуулиар аймаг, сумын чиг үүргийн давхардлыг салгах, орон нутгийн эрх мэдлийг нэмэгдүүлэх, Нутгийн өөрийн удирдлага дахь иргэний оролцоог тодотгоход чиглэсэн олон томоохон өөрчлөлт орсон юм.

Иймд хуулийн нэмэлт өөрчлөлт, онцлог зохицуулалтын талаар нэгдсэн ойлголт өгөх үүднээс аймаг, сумдын удирдлага, хэлтэс агентлагийн дарга, төрийн албан хаагчид нийт 150 хүнийг хамруулав.

Тус сургалтад УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн, ЗГХЭГ-ын дэд дарга У.Бямбасүрэн, Орон нутгийн удирдлага, зохицуулалтын газрын дарга П.Зоригтбаатар, УИХ-ын гишүүн асан, Үндсэн хууль судлаач Ц.Товуудорж болон Удирдлагын академийн эрдэмтэн судлаач багш нар ирж, дээрх хуулийн заалт бүрээр чухал ач холбогдолтой мэдээлэл, ойлголт өгөв.

 

2022-03-28 11:34:59