Ардын хувьсгалын 92, Өвөрхангай аймаг үүсч хөгжсөний 82 жилийн ойн баяр наадам 7 сарын 10,11-нд болно. Баяр наадмыг зохион байгуулах салбар хорооноос бэлтгэл ажлуудыг зохион байгуулж, иргэдэд ая тухтай наадамдпах нөхцөл боломжийг бүрдүүлээд байна. Наадмын үеэр тулгамддаг гол асуудал бол авто машины зогсоол бөгөөд энэ жил А, В, С гэсэн зогсоолууд бий болгож, наадмын комисс, худалдаа эрхлэгчид, наадамчид гэсэн хувиарлалтаар зохион байгуулах юм.
Наадмын түрүү бөх, хурдан морьд, мэргэн харваачдын бай шагнал болон бусад арга хэмжээнд зориулж орон нутгаас 27 сая төгрөг төсөвлөсөн байна. Баяр наадмын үеэр “Дээлтэй Өвөрхангайчууд” өдөрлөгийг аймгийн Засаг даргын ивээл дор зохион байгуулж, “Дээлээр гоёсон шилдэг сум”, “Дээлээр гоёсон шилдэг байгууллага”, “Дээлээр гоёсон шилдэг морьтой хос”, “Дээлээр гоёсон шилдэг морьгүй хос”, “Дээлээр гоёсон шилдэг ахмад”, “Дээлээр гоёсон шилдэг хүүхэд” зэргийг шалгаруулах аж.