• Албан ёсны цахим хуудас
БАЯР НААДМЫН НЭЭЛТИЙН АЖИЛЛАГААНААС...

Тулгар төр байгуулагдсаны 2222 жилийн ой, Их Монгол Улс байгуулагдсаны 807, Ардын хувьсгалын 92 жил, Өвөрхангай аймаг үүсч байгуулагдсаны 82 жилийн ой тохиолдуулсан Үндэсний их баяр наадмаа Өвөрхангайчууд 7 сарын 10, 11-ний өдрүүдэд ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүллээ.

Наадмын эхний өдөр хур бороо чөлөө завгүй шаагиж байсан ч нээлтийн үйл ажиллагааг харах гэж иргэд олноор хуран цугласан байсан юм.  Аюуш баатрын талбайд Сайн ноён хан Т.Намнансүрэн, Монгол улсын анхны Ерөнхий сайд П.Гэндэн нарын хөшөөнд аймгийн удирдлага,  Баяр  наадмыг зохион байгуулах хорооны гишүүд цэцэг өргөн хүндэтгэл үзүүлж, Нутгийн удирдлагын ордноос Төрийн есөн хөлт Энх-Амгалангийн цагаан тугийг есөн шарга морины нуруун дээр агсаан Төв цэнгэлдэх хүрээлэнд хүндэтгэлтэйгээр суурилуулсаны дараа аймгийн Засаг дарга Д.Тогтохсүрэн баяр наадмын үйл ажиллагааг нээн, ард иргэддээ хандан үг хэллээ.  

Тэрбээр “Байгаль дэлхийд нар хур тэгширч, баян тансаг нутагт ургамал ногоо жигдэрч, таван хошуу мал нь тайван тэнүүн бэлчээрлэж, тариа, будаа, төмс, хүнсний ногоо нь төрөл бүрээрээ амилж ургасан, бүтээн байгуулалтын ажил үйлс, амжилт бүтээл өрнөсөн, дэлхий дэлэгнэсэн энэ сайхан өдрүүдэд аймаг даяараа ойн баяраа ёслол төгөлдөр тэмдэглэж байна. Өнгөрсөн жилийн баяр наадмаас хойш аймгийн эдийн засгийн үндэс болсон мал сүрэг таван төрөл дээрээ өссөн, үр тариа, төмс, хүнсний ногооны үйлдвэрлэл нэмэгдсэн, их бүтээн байгуулалт өрнөсөн, ард иргэдийн амжиргааны түвшин дээшилсэн таатай он жил байлаа” хэмээгээд баярын өдрүүдэд төрт ёс, дээдсийн сургаалиа хүндэтгэн төлөв түвшин, зөв шударгууг эрхэмлэн, эв найртай, ёс жудагтай наадахыг захиж, сэтгэлийн цэнгэл, онгодын олзтойгоор наадахыг хүсэн ерөөсөн юм.

Аймгийн тэргүүнийг үг хэлсний дараа Монгол улсын төрийн далбаа, Өвөрхнагай аймгийн тугийг тэргүүний нэр бүхий хүмүүс мандуулж, Арвайхээр цэргийн хүрээний анги, салбарын парад жагсан, Хөгжимт драмын театрын  уртын дуучид, морин хуурчид, залуу дуучид “Эртний сайхан”, “Өвөрхангай” зэрэг дуугаар ая дууны мэнд хүргэж, авъяаслаг 300 бяцхан бүжигчид “Эртний хаадын ордон”, “Жороон жороо”, “Салхит шувуу”, “Арвайхээрийн талд” зэрэг бүжгээр наадамчдын мэлмийг баясгасан бол спортын чөлөөт, жудо бөхөөр нутаг орныхоо нэрийг дэлхийн тавцанд дуурсгаж яваа өсвөрийн гарамгай тамирчдаас үзүүлэх тоглолт хийлээ.

Ийнхүү баяр наадмын нээлтийн ажиллагаа ёслол төгөлдөр эхэлсэний дараа хүчит бөхийн нэгийн даваа эхэлсэн билээ.

2013-07-15 02:23:46