• Албан ёсны цахим хуудас
АЙМГИЙН ЦОЛТОЙ ТАВАН БӨХ ТӨРЛӨӨ

Өвөрхангай аймгийн баяр наадамд улс, аймаг, сумын цолтой хүчит 256 бөх зодоглолоо.  Түүхт ойдоо бяр, хүчээрээ бэлэг барьж, түмэн олноо баясган цэнгүүлсэн тэдгээр хүчтэний 8 нь улсын начин, 5 нь аймгийн арслан, 13 нь аймгийн заан, 14 нь аймгийн харцага, 23 нь аймгийн начин бол сумын заан, начин 100 орчим байсан агаад бусад нь залуу бөхчүүд байлаа. Наадмын дэвжээ хур бороонд дэвтэж, хазгай гишгэхэд хальтирчих гээд байсан нь бөхчүүдийн чадал чансааг бүр ч сайн шалгасан гэхэд хилсдэхгүй.

Үндэсний бөхийн барилдааны шөвгийн дөрөвт аймгийн заан Д.Цэвэлсодном, Д.Дарханбаатар, аймгийн харцага О.Бундхорол, сумын заан М.Даваасүрэн нар үлдэж,  уран мэхээ уралдуулан барилдсанаар Хужирт сумын харъяат, “Их Монголын Хүчтэн” дэвжээ, “Хархорин-Өргөө” ХК-ийн бөх, аймгийн заан Д.Цэвэлдорж түрүүлэн аймгийн арслан цол,  “Их Монголын Хүчтэн” дэвжээ, “АПУ” ХК-ийн бөх, сумын заан М.Даваасүрэн үзүүрлэж, аймгийн заан цолыг тус тус хүртлээ.

Энэ жилийн аймгийн баяр наадмаас Богд сумын харъяат, сумын заан Д.Наранцогт,  Өлзийт сумын харьяат, сумын заан Р.Ламжав, Хархорин сумын харъяат, сумын заан Х.Мөнхбаяр нар аймгийн начин цол хүртэж, “Аймгийн арслан” 1, “Аймгийн заан” 1, “Аймгийн начин” 3 төрлөө.

Өсвөрийн барилдаанд ирээдүйн аварга, арслан болох 32 хүүхэд зодоглосноос Хайрхандулаан сумын 11 дүгээр ангийн сурагч Б.Хатанбаатар түрүүлж, Богд сумын 10 дугаар ангийн сурагч Г.Баасандорж үзүүрлэж, Тарагт сумын С.Ганзориг, Хайрхандулаан сумын М.Өсөхбаяр нар шөвгөрчээ.

2013-07-15 03:05:20