Гурван жил тутамд зохион байгуулж, шигшмэл хурдынхаа ид хавыг үздэг “Их хурд – 6” наадам 7 сарын 20-ны өдөр Хархорин суманд болно. Уралдааны зохион байгуулалтын талаар Морин спорт уяачдын холбооны тэргүүлэгчид, ажлын хэсгийн хүрээнд Улаанбаатар хотноо хэлэлцэж байгаа бол Өвөрхангай аймгийн Засаг даргаас таван хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг томилж, бэлтгэл ажлыг хангах талаар өнөөдөр хуралдаж байна.
Хархорин сумын Засаг дарга Л.Энхбатаас наадмын талаар утсаар тодруулахад “Одоогоор албан ёсны хөтөлбөр гараагүй. 7 сарын 19-ний өдөр уралдах морьдоо бүртгэж, 20-ны өглөө азарга, их насны морьд уралдана” гэсэн мэдээллийг өглөө. Харин “Их хурд-6”-ын маргааш буюу 7 сарын 21-нд УИХ-ын гишүүн Г.Батхүү “Тод манлай уяач” болсоны мялаалгын наадмыг хийх бөгөөд дээд гурван насны морьд уралдаж, бөх барилдана. Гишүүнтэй хамт “Шунхлай” групп, “АПУ” компаний бөх, улсын харцага Т.Санчир хүрэлцэн ирж наадах гэнэ.