• Албан ёсны цахим хуудас
ТАЙЛАНГАА ХОЦРООСОН ДАРГА НАР ШИЙТГЭЛ ХҮЛЭЭЛЭЭ

Аймгийн Засаг дарга Д.Тогтохсүрэн хэлтэс, агентлагийн дарга нарын шурухай хуралдааны үеэр зарим дарга нарт сахилгын шийтгэл оногдууллаа.

2013 оны эхний хагас жил өнгөрч байгаатай холбогдуулан төрийн байгууллагуудад Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, Улсын үндсэн чиглэл, Үндэсний хөтөлбөр, хууль тогтоомж, шийдвэр, өргөдөл, гомдлын хагас жилийн тайлан мэдээг гаргаж, Засгийн газарт явуулах ажил энэ сард өрнөсөн. Гэвч тайлан мэдээ нь алдаа, дутагдал ихтэй, шаардлага хангахгүй, цаг хугацаандаа ирүүлэхгүй  байгаа талаар аймгийн Хяналт шинжилгээ, үнэлгээний тасгийн дарга Э.Бадамгэрэл шуурхай хуралдааны үеэр хэлсэн юм. Энэ үеэр мэдээ, тайланг хангалтгүй ирүүлсэн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын дарга Ц.Цэрэнням, Хүнс, хөдөө аж ахуй, жижиг дунд үйлдвэрийн газрын дарга С.Цэдэнбалжир, Улсын бүртгэлийн хэлтсийн дарга Д.Оюунсүрэн, Боловсрол, соёлын газрын дарга Б.Мөнхжаргал, Хөдөлмөрийн хэлтсийн дарга П.Пунсалмаа нарын нэг сарын цалинг 20 хувиар бууруулах захирамжийг аймгийн Засаг дарга гаргалаа. Мөн эдгээр удирдлагуудыг өөрийн байгууллагын холбогдох албан тушаалтанд хариуцлага тооцож, мэдээлэхийг үүрэг болгосон.

Түүнчлэн баяр наадмын үеэр хариуцлагатай жижүүрийг үүргээ биелүүлээгүй дарга нарт хариуцлага тооцож өгөх хүсэлтийг аймгийн Онцгой байдлын газраас ирүүлсэний дагуу сануулах арга хэмжээ авлаа.

Шуурхай хуралдааны үеэр хэлтэс, албадын дарга нарын амралтын тухай яригдаж, барилгын ажил ид өрнөж, өвөлжилтийн асуудал яригдаж эхэлж байгаатай холбогдуулан барилга, хөдөө аж ахуйн салбарын удирдлагуудыг ажил, амралтаа зохицуулахыг үүрэг болголоо. Амралтын үеэр байгууллага, хамт олноор амралт, зугаалгаар явахыг зөвшөөрч, гагцхүү үер усны аюулаас болгоомжлон, унаа тэрэгний бүрэн бүтэн байдлыг шалгуулж, архи согтууруулах ундааг тохируулж хэрэглэхийг аймгийн даргаас зөвлөсөн юм.

2013-07-16 22:44:29