Улсын эрүүл мэндийн салбарт тэргүүлэх зэрэгтэй ажиллаж буй Өвөрхангай аймгийн уугуул эмч нар нэгдэж “Миний нутаг – Эрүүл мэнд” төрийн бус байгууллага байгуулан, төрөлх нутгийнхаа хүн амын эрүүл мэндэд хувь нэмэр оруулж ажиллахаар зорилго тавьжээ. Анагаах ухааны доктор Г.Сүхбат, Улсын клиникийн Нэгдүгээр эмнэлгийн их эмч, АУ-ны доктор Б.Бямбадорж, ЭХЭМКТ-ийн мэс заслын асуудал хариуцсан дарга, Төрийн соёрхолт эмч Ч.Эрдэнэцэцэг, ЭМШУИС-ийн УАУТэнхимийн эрхлэгч, доктор, профессор С.Сээсрэгдорж, Нийслэлийн ЭМГ-ын Эрүүл мэндийн хэлтсийн хяналтын дарга, АУ-ны доктор Н.Цогбадрах зэрэг Өвөрхангай аймгаас гаралтай их эмч нар, аймгийн эрүүл мэндийн салбарын удирдлага, эмч нарын зүгээс өнөөдөр хэвлэлийн бага хурал зарлаж, “Миний нутаг – Эрүүл мэнд” төрийн бус байгууллагын зорилго, чиглэлийн талаар олон нийтэд мэдээлэл хүргэсэн юм.
Эрүүл мэндийн салбарын нэр хүндтэй эмч нар, эрүүл мэндийн чиглэлээр суралцаж буй оюутнууд, эрүүл мэндийн бизнесменүүд, орон нутгийн эмч нарыг төлөөллөөрөө оролцуулж, 250 гаруй хүнийг гишүүнээр элсүүлснээрээ улсад анхны эрүүл мэндийн холбоо болж буй тус байгууллага Өвөрхангай аймагт эмч, эмнэлгийн ажилтнуудын нөөц, хүчийг нэгтгэн сургах, чадавхижуулах, иргэд, байгууллагын захиалгаар гадаад болон дотоодын томоохон эмнэлгүүдэд зуучилж, зөвлөх, чиглүүлэх, аймгийн БОЭТ-ийн хамтын ажиллагааг сайжруулахад анхаарч ажиллах гэнэ.
Өвөрхангай аймагт хүрэлцэн ирсэн “Миний нутаг – Эрүүл мэнд” төрийн бус байгууллагын Удирдах зөвлөлийн гишүүд аймгийн Засаг дарга Д.Тогтохсүрэн, Арвайхээр сумын Засаг дарга А.Ишдорж нартай уулзаж, хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Нутгийн ард олны эрүүл мэндийн төлөө чаддаг, мэддэг бүхнээ зориулахаар санаа нэгдсэн нэр хүнд бүхий дээрхи эмч нарыг аймгийн дарга хүлээн авч уулзахдаа “Чухал байгууллага үүсгэн байгуулжээ” хэмээн талархаад юуны өмнө Өвөрхангай аймгийн эрүүл мэндийн байгууллагын боловсон хүчний нөөц, ур чадвар, эдийн засаг, тоног төхөөрөмжийн чадавхи, материаллаг баазад судалгаа, дүгнэлт хийх нь чухал гэлээ. Мөн эмч, эмнэлгийн ажилтнуудын мэдлэг, боловсрол, харилцаа хандлага, ёс зүйг өөрчлөх, гадаадын томоохон эмнэлгүүдэд зуучлан туршлага судлуулах, иргэдийн эрүүл мэндийн боловсролд онцгой анхаарахыг хүссэн юм.
Өвөрхангай аймгийн удирдлагаас ард иргэдийг Улаанбаатар хот руу явж эмчлүүлэх асуудлыг эрс багасгах зорилтыг эрүүл мэндийн салбарт тавьж ажиллаж байгаа бөгөөд энэ хүрээнд эмч, мэргэжилтнүүдийг сургах, эмчилгээ, оношилгооны тоног төхөөрөмжийг эрс сайжруулах чиглэлээр багагүй ажил хийж байгаа билээ. Тиймээс тус байгууллагын үйл ажиллагааг дэмжиж, хамтран ажиллахдаа зөвхөн тусламж гуйгаад суугаад байх биш хийсэн, бүтээсний хэрээр оюуны хөдөлмөрийг нь үнэлэн тодорхой санхүүжилт олгохоо ч амлалаа.
“Миний нутаг – Эрүүл мэнд” төрийн бус байгууллагынхан Өвөрхангай аймгийн Арвайхээр, Уянга, Бат-Өлзий, Хужирт сумдаар ажиллаж, ард иргэдтэй уулзахын зэрэгцээ орон нутгийн эмч нарт уламжлалт анагаах ухаан, хүүхэд, бөөр, халдвар, бэлгийн замын өвчний чиглэлээр кредитийн сургалт зохион байгуулах юм.