• Албан ёсны цахим хуудас
БАТ-ӨЛЗИЙ СУМАНД ХОРШООЛОГЧДЫН ҮЗҮҮЛЭХ СУРГАЛТ БОЛНО

    Өвөрхангай аймгийн Хөдөө аж ахуй хоршоологчдын холбооны гишүүн хоршоологчдын   уулзалт 7 дугаар сарын 20-нд боллоо. 8 сард Бат-Өлзий суманд зохион байгуулах зүүн болон төвийн бүсийн гишүүн хоршоологчдын үзүүлэх сургуулийн бэлтгэл ажилтай холбоотойгоор уг уулзалтыг хийсэн бөгөөд МХААХХолбооны ерөнхийлөгч Н.Баяртсайхан болон аймгийн хоршоологчид хүрэлцэн ирсэн юм.

    Хоршоологчдын Үндэсний холбоо нь жил бүр бүсчилсэн уулзалт зөвлөгөөнийг тогтмол зохион байгуулдаг бөгөөд 2013 оны  Зүүн болон төвийн бүсийн зөвлөгөөнийг Өвөрхангай аймгийн Бат-Өлзий суманд 8-р сарын 8-11-ний өдрүүдэд хийхээр бэлтгэл ажлаа хангаад байна.  Зүүн болон төвийн бүсийн уулзалт зөвлөгөөнд Архангай, Баянхонгор, Говьсүмбэр, Булган, Дархан-уул, Дорноговь, Өвөрхангай, Төв, Хэнтий, Сүхбаатар зэрэг зүүн ба төвийн бүсийн 10 гаруй аймгууд төдийгүй баруун бүсээс Говь-Алтай, Увс аймгуудын хоршоологчдын төлөөлөл оролцохоор саналаа ирүүлжээ.

   Зөвлөгөөний үеэр хоршоологчид тухайн орон нутгийн хоршооллын хөдөлгөөний хөгжилтэй танилцаж, орон нутгийн зүгээс хоршоог дэмжиж зохион байгуулж байгаа ажлын талаар болон төрөөс хоршооллын талаар барьж байгаа бодлого, Үндэсний холбооноос зохион байгуулж байгаа ажлын талаар мэдээлэл сонсож санал бодлоо солилцоно. Мөн орон нутгийн хоршоодын үйл ажиллагаатай газар дээр нь очиж танилцан шинэ туршлага судлахын зэрэгцээ өөрсдийн үйлдвэрлэдэг бүтээгдэхүүний дээжээр үзэсгэлэн зохион байгуулж шилдгээ шалгаруулах юм байна.

2013-07-23 00:07:11