• Албан ёсны цахим хуудас
СУМДЫН ДАРГА НАР ҮҮРЭГ ДААЛГАВАР АВЛАА

Сумдын Засаг дарга нар аймгийн Засаг даргаас “номын дуу” сонсон,  зун цагийн амралтаа дуусгаж, хүйтний улирлын их ажлыг эхлүүлэх сэхээ авлаа.  Нэгдсэн сургалтаар аймгийн Засаг даргын дэргэдэх Хүнс, хөдөө аж ахуйн газар, Боловсрол, соёлын газар, Газрын харилцаа,Барилга хот байгуулалтын газар, Ус цаг уур, орчны шинжилгээний алба, Худалдан авах ажиллагааны алба, аймгийн ЗДТГ-ын Төрийн захиргаа, удирдлагын хэлтсээс мэдээлэл өгч, цаашид анхаарах асуудлыг танилцуулсан.

Аймгийн ЗДТГ-ын ТЗУХ-ийн дарга Н.Энхцэцэг хэлэхдээ “Ажлаа сайн хийдэг байсан сумдуудын удирдлагууд сүүлийн саруудад тааруу ажиллаж, тааруу байсан сумдууд ажлаа эрс сайжруулж, шинэчилж байна. Тухайлсан зорилтот жилийн хүрээнд сумдууд бүгд ажиллаж байгаа боловч хийсэн ажлынхаа сарын мэдээг бүрэн гүйцэд явуулахгүй байгаагаас болоод ажил хийхгүй байгаа юм шиг харагдаж байна” гэв. Мөн аймгийн Засаг дарга Д.Тогтохсүрэн мал аж ахуйн өвөлжилтийн бэлтгэлийг сайтар хангах, хадлан тэжээл хангалттай бэлтгэх, улс төржилтийг багасгаж жилийн ажлыг эрчимжүүлэх, сум бүр түлээний зах байгуулах, түлээний модыг борлуулахдаа хямд үнэ тогтоох, төмс, хүнсний ногооны борлуулалтанд анхаарч, лангуу, ил задгай талбайн нөхцлийг бүрдүүлэх, бусад аймаг, сумдаас хүнсний ногоо заруулахгүй байхад хяналт тавих, цас их унадаг сумдууд нүүрсний нөөцөө хангалттай татах зэрэг олон асуудлаар үүрэг чиглэл өгч, идэвхитэй ажиллахыг анхаарууллаа.

2013-08-27 00:03:17