• Албан ёсны цахим хуудас
УРГАЦ ХУРААЛТЫН АЖИЛ ИД ӨРНӨЖ БАЙНА

Өвөрхангай аймагт ургац  хураалтын ажил эхэллээ. Одоогоор 70 га-аас 896 тн төмс, 42 га-аас 546 тн хүнсний ногоо хураан аваад байна. 2013 онд Улаан буудай 1530 га-д, Ногоон тэжээл 771 га-д, Рапс 900 га, Арвай 101.2 га-д, Төмс 330.3 га, Хүнсний ногоо 163.8 га, Жимс жимсгэнэ 64,4 га талбайд тус тус тариалсан бөгөөд 5611 тн улаан буудай, 4056 тн төмс, 2500 тн хүнсний ногоо, 900 тн тосны ургамал /рапс/, 1540 тн ногоон тэжээл, жимс жимсгэнэ 10-аас доошгүй тн хураан авахаар төлөвлөсөн. Гэвч цаг агаарын тогтворгүй байдал ургацад сөргөөр нөлөөлж, Хархорин, Хужирт, Зүүнбаян-Улаан, Нарийнтээл, Төгрөг, Арвайхээр сумдад хийсэн ургацын урьчилсан балансаар 2295 тн улаан буудай, 4162 тн төмс, 2129 тн хүнсний ногоо, 810 тн тосны ургамал, 1696,2 тн ногоон тэжээл, 350 тн царгас хураан авах дүн гарчээ.

Аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас мэдээлснээр улаан буудай, ногоон тэжээлийн болц гүйцсэн, төмс, хүнсний ногооны болц түүвэр гүйцэж, оройтож тарьсан газруудаар болц оройтох төлөвтэй байгаа гэлээ. Ургац хураах техникийн хувьд 5 комбайнаас 2 нь засвартай,  том оврын төмс ухагч техникүүд засварлах шаардлагатай байгаа аж.

Цаашид ургацыг мал, хулгайгаас хамгаалах, цочир хүйтрэлтээс хамгаалж, утаа май тавих бэлтгэлийг хангах, төмс, хүнсний ногоо хадгалах зоорь, будааны агуулах, үтрэмийг засварлах, бэлтгэх, ариутгах, чанарын шаардлагад нийцүүлэх, үр тарианы талбайд яаралтай захалгаа хийж, болцыг түргэтгэх арга хэмжээ авах, ирэх жилийн үр тариаг нөөцлөхийг аймгаас сумдын удирдлагуудад үүрэг болголоо.

Мөн ирэх жилийн ургац тариалалтанд одооноос анхаарч, шинээр услалтын систем байгуулах боломжтой газрын судалгааг  нийт 14 суманд хийсэн бөгөөд холбогдох сумдын Засаг дарга нарт сумд мэргэжлийн байгууллагаар зураг төсвөө хийлгэх ажлыг шуурхай зохион байгуулахыг даалгалаа.

2013-08-27 00:11:58