• Албан ёсны цахим хуудас
ХӨГЖЛИЙН САНГИЙН ХӨРӨНГӨӨР НЭГ Ч АЖИЛ ХИЙГЭЭГҮЙ СУМ БАЙНА

     Өвөрхангай аймагт 2013 онд аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжилд 11.6 тэрбум төгрөгийн, орон нутгийн хөгжлийг дэмжих “Орон нутгийн хөгжлийн сан”-д 11.3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт төсөвлөгдсөн. Орон нутгийн хөгжлийн сангийн 60 хувь буюу 6.8 тэрбум төгрөгийг 18 суманд, 4.5 тэрбум төгрөгийн хөрөнгө орууллалтыг аймгийн төвд хуваарилсан юм. Эдгээр хөрөнгө оруулалтын тендер шалгаруулалт, худалдан авах ажиллагаа бүрэн зохион байгуулагдаж, сумдын 6.8 тэрбум төгрөгөөр нийт 280төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөж баталсан. Гэвч 8 сарын байдлаар 30 гаруй хувийн гүйцэтгэлтэй хэрэгжиж байна. “Нийт ажлынхаа дийлэнхийг хийсэн сум байхад нэг ч ажлын гүйцэтгэгчийг шалгаруулж, гэрээ байгуулаагүй сум ч байгаа. Худалдан авах ажиллагааны албанаас сум бүрт худалдан авах ажиллагаатай холбоотой мэргэшүүлэх сургалтыг 2 удаа зохион байгуулж, хангалттай заавар, зөвлөгөө өгсөн ч сумдын хувьд учир дутагдалтай, алдаа мадагтай олон асуудал байна” гэж аймгийн Засаг даргын дэргэдэх Худалдан авах ажиллагааны албаны дарга Ч.Гүнсэнхорол сумдын Засаг дарга нарын нэгдсэн сургалтын үеэр хэлж, анхааруулга өглөө.

    Хөгжлийн сангийн хөрөнгөөр ажил гүйцэтгэж чадахгүй байгаа шалтгаан нь ихэнхи сумдын удирдлага шинээр томилогдсон, “Орон нутгийн хөгжлийн сан” гэх ойлголт шинээр гарсан, иргэдээр хэлэлцүүлэх хангалттай хугацаа байгаагүй, дийлэнхи төсөл, арга хэмжээг тооцоо, судалгаа, зураг, төсөвгүйгээр баримжаалан төлөвлөгөөнд оруулсан, зөвлөх үйлчилгээний гүйцэтгэгч олдохгүй, олдсон ч батлагдсан төсөв нь хүрэхгүй байгаа зэргээс үүдэлтэй хэмээн үзэж байгаа аж.

2013-08-27 00:17:36