Өвөрхангай аймагт өвөлжилтийн бэлтгэл ажил ид өрнөж байна. Аймгийн Засаг даргын захирамжаар өвөлжилтийн бэлтгэлийг хангах, зохион байгуулах, хяналт тавих үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдаж, 2013-2014 оны өвөлжилтийн бэлтгэлийг хангуулах нэгдсэн арга хэмжээний төлөвлөгөө боловсруулан сум бүрт үе шаттайгаар зохион байгуулж эхлээд байгаа юм.
7,8 дугаар сар хур бороо ихтэй байснаас хадлан бэлтгэх ажил оройтож, 8 сарын эхний байдлаар 9,5 мянган тонн хадлан, 2.1 мянган тонн гар тэжээл бэлтгээд байгаа нь урьд жилүүдээс харьцангүй муу дүнтэй байгаа аж. Тиймээс малчид өөрийн хэрэгцээт хадлангаа нутгаасаа авч, аймаг, сумын нөөцөд бэлтгэх өвс тэжээлийг гаднаас худалдаж авахаар болж байгааг сумдын удирдлагуудад анхааруулж, Төв, Булган аймгийн тэжээл бэлтгэдэг аж ахуйн нэгжүүдтэй гэрээ хэлцэл хийн цас орохоос өмнө татаж байршуулахыг аймгийн Засаг дарга даалгалаа.
Энэ зун Өвөрхангай аймагт 1083.0 мянган мал төллөж, төл бойжилт 99.1 хувьтай байгаа ба малын тарга тэвээрэг жигд хэвийн байна. Ирэх онд 16500 малчин өрхийн 3424.6 мянган мал өвөлжихөөс 210 өрхийн 137.0 мянган мал зэргэлдээ аймгуудад оторлоно гэсэн дүн мэдээ байгаа юм. Одоогоор 4 сая гаруй мал Өвөрхангай аймгийн нутаг дэвсгэр намаржиж байгаа бол аймгийн хэмжээнд бэлчээрийн даац, багтаамж 3 саяас илүү мал байлгах боломжгүй гэнэ.