Монгол Улсын Ерөнхий сайд Норовын Алтанхуяг Өвөрхангай аймагт ажиллах үеэрээ Монгол Улсын анхны Ерөнхий сайд Т.Намнансүрэн, П.Гэндэн нарын хөшөөнд цэцэг өргөж, багш нарын хуралд суун мэдээлэл хийж, Арвайхээр хотын Шинэ суурьшлын бүстэй танилцлаа. Мөн Нутгийн Удирдлагын Ордоны “Сүлд” танхимд Арвайхээр хотын иргэдтэй телевизийн шууд нэвтрүүлгээр уулзалт хийсэн юм.
Уулзалтын эхэнд Өвөрхангай аймгийн Засаг дарга Д.Тогтохсүрэн цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж, хэд хэдэн санал тавьлаа. Тухайлвал 2014 онд хэрэгжүүлэх саналд иргэдээс хамгийн их санал авсан Дулааны цахилгаан станц барих ажилд нийт төсөв өртөг 22.3 тэрбум төгрөг шаардлагатай байгаа, Арвайхээр хотын шинэ төвийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг шинэчлэн боловсруулж, дулааны шугам 3.1 км, цэвэр усны 1 км, бохир усны 3 км шугамын зураг төслийг “Мон-Энержи консалт” ХХК-аар боловсруулсан бөгөөд ирэх онд улсын төсөвт 2778.4 сая төгрөгөөр гүйцэтгүүлэх, орчин үеийн технологи бүхий цэвэрлэх байгууламж шинээр барих, Нисэх онгоцны буудлыг шинэ суурьшлын бүс рүү шилжүүлэх зэрэг саналыг тавьсан юм.
Мөн Сангийн яаманд орон нутгийн ээлжит сонгуулийн үр дүнд ажлаас чөлөөлөгдсөн улс төрийн албан тушаалтанд олгох тэтгэмж 274.8 сая төгрөгийг олгох зэрэг гурван хүсэлт, Эрчим хүчний яаманд Арвайхээр, Хархорин сумдын цахилгаан эрчим хүчний уналтыг бууруулах, тэнцвэржүүлэх, дэд станц барих, шинээр шилэн кабель татах зэрэгт 1.0 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг шийдвэрлэх, Баянгол - Өвдөгийн худаг хоорондох 60 км агаарын цахилгаан дамжуулах шугамыг шинэчлэх, Барилга, Хот байгуулалтын яаманд Хархорин сумын үерээс хамгаалах далан сувгийг дуусгаж, Арвайхээр хотод шинээр барих, Хархорин сумын инженерийн шугам сүлжээний шинэчлэлт, өргөтгөл, Арвайхээр хотын цэвэрлэх байгууламжийн өргөтгөл, шинэчлэлтийн асуудал, Боловсрол, шинжлэх ухааны яаманд Арвайхээр суманд 928 хүүхдийн сургууль, Хархорин суманд 640 хүүхдийн сургууль, Арвайхээр, Хархорин, Уянга, Баян-Өндөр сумдын 150 хүүхдийн цэцэрлэгийн барилга, Тарагт сумын сургуулийн дотуур байр, Хархорин сумын Спортын ордоны барилгын эх үүсвэрийг 2014 оны төсвийн хөрөнгө оруулалтанд тусгаж өгөх зэрэг хүсэлтүүдийг тавьлаа.
Харин Ерөнхий сайдын зүгээс хөдөө орон нутагт олон давхар орон сууц биш хувийн хаус, амины орон сууцыг барихад илүү анхаарч, дэд бүтэц талаас нь дэмжих хүсэлтэй байгаагаа илэрхийлээд Дулааны станц барихад шаардагдах 22,3 тэрбум төгрөгийг шийдвэрлэх, Шинэ төвд инженерийн шугам сүлжээ тавих, Арвайхээрээс Улаанбаатар хот орох 60 км замын хөрөнгийг 2014 оны төсөвт суулгах зэрэг асуудлыг яамдуудтай ярья гэсэн хариулт өглөө.