Монгол Улсын Ерөнхий сайд Норовын Алтанхуяг 8 сарын 29-ний өдөр Арвайхээр хотод ажиллах үеэрээ “Ерөнхий сайдын 30 минут” уулзалтаа зохион байгууллаа. Түүнийг дагалдаж явсан Улаанбаатар хотын 30 орчим сэтгүүлч, зураглаачид болон Өвөрхангай аймгийн хэвлэл мэдээллийнхэнд хандаж Баянхонгор, Өвөрхангай аймагт ажиллах хугацаандаа анхаарах, шийдвэрлэх асуудал, Засгийн газраас 2013 онд зорилт болгон хэрэгжүүлж буй ажлын талаар товч мэдээлэл өгсөн юм.
Ерөнхий сайдаас 30 минутын хугацаанд зөвхөн Өвөрхангайн асуудлаар мэдээлэл өгөхийг орон нутгийн сэтгүүлчид хүсээд “Засгийн газрын үйл ажиллагаанд шүүмжлэлттэй ханддаг хүн олон бий. Түүнд ямар бодол, дүгнэлттэй хандаж байна вэ?, Шинэчлэлийн Засгийн газрын гол онцлог юу вэ?, Өвөрхангай аймагт газар дээр нь ямар асуудлыг шийдвэрлэх боломжтой вэ? Хархорин сумыг улсын зэрэглэлтэй хот болгоно гэж олон жил ярьж байна. Энэ асуудлыг шийдвэрлэх үү? Өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлмээр байна. Дээд боловсролтой иргэдийн ажилгүйдэлд анхаармаар байна” зэрэг асуултыг тавьлаа.
Засгийн газрын тэргүүн асуултанд хариулахдаа “Шинэчлэлийн Засгийн газрын онцлог бол ил тод байдлыг хангах, шүүмжлэлийг хүлээж авах явдал юм. Бид сайн, муу хэлүүлж байж, шүүмжлэлийг хүлээж авч байж сайжирна. Шинэчлэлийн Засгийн газраас аймгийн төв бүрийг хот болгох зорилт тавьж ажиллаж байгаа. Монгол хүн амьдарч буй газраа ая тухтай сайхан амьдрах учиртай. Амьдрах орчин бүрдэхийн хэрээр нийслэл, аймгийн төв рүү чиглэсэн урсгал саарна. Өвлийн аялал жуулчлалд онцгой анхаарнаа” гэх зэргээр товч хариуллаа.