• Албан ёсны цахим хуудас
АЙМГИЙН УДИРДЛАГУУД ХЭВЛЭЛИЙНХЭНТЭЙ УУЛЗЛАА

    Өнөөдөр аймгийн ИТХ-ын дарга Г.Ганболд, Засаг дарга Д.Тогтохсүрэн нар хэвлэл мэдээллийнхэнтэй уулзаж, мэдээлэл өглөө. 7,8 дугаар сарын “Бүтээн байгуулалтын гол сар” хэмээн аймгийн Засаг дарга онцлоод аймгийн “Орон нутгийн хөгжлийн сан”-ийн 4,5 тэрбум төгрөгөөр бүтээн байгуулалтын 15 ажил төлөвлөснөөс 9 сарын 1-ний байдлаар таван ажил бүрэн хэрэгжиж дууссаныг мэдээллээ.

   Мөн улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Баянгол сумын Биеийн тамирын спорт заал, Баян-Өндөр сумын Ерөнхий боловсролын бага сургууль, Зүүнбаян-Улаан сумын 75 хүүхдийн цэцэрлэг, Төгрөг, Нарийнтээл сумын Хүн эмнэлгийн барилга ашиглалтанд орж, Уянга, Есөнзүйл, Баян-Өндөр сумын Соёлын төв, сургуулийн барилга энэ онд багтан ашиглалтанд орохоор хийгдэж байгаа аж. Мөн олон улсын төсөл хөтөлбөрийн хүрээнд Азийн хөгжлийн банкны санхүүжилт, улсын төсвийн хөрөнгөөр баригдаж байгаа цэвэр ус татах ажил 80 хувьтай хийгдэж байна.

   2014 онд Хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэх бүтээн байгуулалтын ажлын саналыг багийн ИНХ-аар хэлэлцүүлсэн бөгөөд аймгийн төвд авто зам тавих санал хамгийн их ирсэний дагуу  1,9,4,8,10 дугаар баг руу 4 км зам тавихаар техникийн зураг төслийг боловсруулж байгаа юм. Түүнчлэн аймгийн Засаг даргаас өвөлжилтийн бэлтгэл ажил, ургац хураалт, отор нүүдэл, агаарын бохирдлын талаар мэдээлэл өгч, сэтгүүлчдийн асуултанд хариулсан бол аймгийн ИТХ-ын дарга Г.Ганболд ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаан 9 сараас хэвийн үргэлжилж, “Төрийн үйлчилгээний шинэчлэл, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх” жилийн ажлын явц, тендер шалгаруулалт, хөрөнгө оруулалтын үр дүнг авч хэлэлцэнэ гэлээ.  

2013-09-02 21:24:37