Өвөрхангай аймгийн иргэд хүссэн үедээ орж санал бодлоо хэлж байх өөрийн гэсэн танхимтай боллоо. 2013 оныг тус аймагт “Төрийн үйлчилгээний шинэчлэл, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх жил” болгон зарласны хүрээнд аймгийн Засаг даргын дэргэд Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийг 3 сард байгуулсан бөгөөд 9 сарын 5-ны өдөр төвийн барилгыг ашиглалтанд оруулж, үүд хаалгаа нээсэн юм.
Иргэдийн дунд сар тутам хэлэлцүүлэг зохион байгуулж, түүнээс гарсан санал дүгнэлтийг аймгийн төр захиргаанаас гаргаж буй бодлого шийдвэрт тусган хэрэгжүүлэх зорилго бүхий “Иргэний танхим”, төрийн байгууллага, албан хаагчидтай холбоотой санал гомдол, талархал, хүсэлт зэргийг сонсох 7032-1111 шуурхай утас, Арвайхээр хотын амьдрал, үйл явцыг хянах “Хяналтын камер” зэрэг цогц үйл ажиллагааг Мэдээлэл, шуурхай удирдлагын төвд явуулна.
Төвийн үйл ажиллагааг нээж, аймгийн ИТХ-ын дарга Г.Ганболд, Засаг дарга Д.Тогтохсүрэн, МШУТ-ийн дарга С.Ундрах, Иргэний эрх ашгийг хамгаалах нийгэмлэгийн тэргүүн н.Чимэг, Арвайхээр сумын 10 дугаар багийн иргэн н.Цэцэгээ нар улаан тууз хайчилсан ба ХДТ-ын уртын дууч н.Бадамханд, морин хуурч О.Нармандах нар “Нарийн шарга” дуугаар ая барьж шинэ өргөөг мялаалаа. Мөн аймгийн Засаг дарга Д.Тогтохсүрэн баяр хүргэж хэлсэн үгэндээ “Энэ байр бол төрийн албан хаагчдын иргэдтэйгээ харилцах гол цэг юм” хэмээн тэмдэглэсэн бол ИТХ-ын дарга Г.Ганболд төрийн үйлчилгээний шинэчлэлийн хүрээнд авч хэрэгжүүлж байгаа зарим ажлыг онцлон нэрлэлээ.
Нээлтийн үйл ажиллагаа анхны хэлэлцүүлгээр үргэлжилсэн юм. “Иргэний оролцоо – Хөгжлийн түүчээ” сэдэвт хэлэлцүүлгээр С.Ундрах дарга жүжигчилсэн, үлгэрчилсэн жишээ баримтуудыг дэлгэцээр харуулж, төрийн үйл ажиллагаанд ард иргэдийн оролцоо ямар чухал нөлөөтэй, шаардлагатай болохыг ойлгуулан уриалаад авлаа.
Орон нутгийн хөгжлийн сангийн 170 гаруй сая төгрөгөөр аймгийн ЗДТГ-ын бага заалыг засварлаж, Мэдээлэл, шуурхай удирдлагын төв болгосон агаад 50 орчим сая төгрөгөөр шаардагдах тоног төхөөрөмж, хэрэгслийг авчээ.