Энэ зун БНХАУ-ын Ниншя Өөртөө Засах Орны “Юнчүан” хотноо зохион байгуулсан “Олонулсын хүүхдийн урлагийн наадам”-д Өвөрхангай аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсийн дэргэдэх “Ирмүүн” бүжгийн дугуйлангийн “Ирмүүн-3” хамтлаг оролцож, бүжгийн төрөлд тэргүүн байр эзлэн “Алтан медаль” хүртжээ.
Тус хамтлаг наадмын 1-р шатны шалгаруулалтанд МУГЖ Л.Ганчимэгийн дэглэлт “Шигшүүрт”, 2-р шатны шалгаруулалтанд МУГЖ А.Даваахүүгийн дэглэлт “Салхит шувуу” бүжгээр оролцсон байна.
Энэ нь “Ирмүүн” дугуйлангийн Олон улсад гаргасан гурав дахь амжилт юм. 2007 онд “Ирмүүн-1” хамтлаг БНХАУ-ын “Пенглай” хотноо зохион байгуулсан “Азийн хүүхэд залуучуудын энх тайвны төлөөх урлагийн наадам”-д 29 орноос шалгарч Гранпри, 2009 онд ОХУ-ын “Новый сибирский” хотноо зохион байгуулсан спорт бүжгийн олон улсын тэмцээнд Л.Цэндсүрэн, Б.Наранжаргал нар тусгай байр эзлэж байсан аж.
Олон улсын хүүхдийн урлагийн наадамд хоёр орны 600 орчим авъяаслаг хүүхдүүд оролцож, бүжиг, дуу, хөгжим, уран зураг, язгуур урлаг гэсэн 5 төрлөөр өрсөлдсөнөөс гадна Ниншя орны түүхэн дурсгалт газруудаар аялах, Хотон үндсний өв соёлтой танилцах, тоглоомын газруудад тоглох зэрэг сонирхолтой хөтөлбөрөөр үргэлжилсэн байна.