• Албан ёсны цахим хуудас
СУВИЛАХУЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЖЛААРАА УЛСАД ТЭРГҮҮЛЛЭЭ

     Улсын хэмжээгээр эрүүл мэндийн салбарт сувилахуйн тусламж үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг сайжруулах зорилтыг 2013 онд тавьсан. Энэхүү зорилго, зорилтоо дүгнэн үр дүнг хэлэлцэх зорилго бүхий “Тэргүүний сувилагчдын улсын зөвлөлгөөн”-ийг “Сувилахуйн тусламж үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг сайжруулъя” уриан дор Улаанбаатар хотноо амжилттай зохион байгууллаа. Зөвлөлгөөнд нийслэл, орон нутгаас 35 байгууллагын 230 гаруй төлөөлөгч оролцсон ба манай аймгаас ЭМГ-ын мэргэжилтэн С.Дуламсүрэнгээр ахлуулсан Өлзийт сумын ЭМТ-ийн сувилахуйн баг, БОЭТ-ийн МХА-ны ахлах сувилагч Ц.Лхамханд нарын сувилагчид оролцсон юм.

   Зөвлөлгөөнөөр сувилахуйн тусламж үйлчилгээг хөгжүүлэх стратегийн хэрэгжилтийн явц, аймаг орон нутагт хэрэгжүүлж буй үйл ажиллагаа, цаашид анхаарах асуудал хэлэлцэж, ЭМС-ын 2013 оны 82 дугаар тушаал, сувилахуйн тусламж үйлчилгээг хөгжүүлэх стратегийн хэрэгжилт, хариутай албан бичгийн шийдвэрлэлт зэрэг үзүүлэлтийг харгалзан тэргүүлсэн байгууллага, хамт олон, сувилагчдыг ЭМЯ-наас шагнаж урамшууллаа.

    Дээрхи бодлого, шийдвэрийн хүрээнд хэрэгжүүлсэн ажлын тайлан үнэлгээгээр Өвөрхангай аймгийн сувилахуйн тусламж үйлчилгээг хөгжүүлэх чиглэлээр хэрэгжүүлсэн үйл ажиллагаа тэргүүн байрт шалгарч, Өлзийт сумын ЭМТ-ийн 5, БОЭТ-ийн 1 сувилагч БНСУ, ОХУ-д 1-3 сарын хугацаагаар мэргэжил дээшлүүлэх сургалтанд хамрагдах эрхийн бичгээр шагнуулсан юм.

ЭМГ-ын мэргэжилтэн С.Дуламсүрэн

2013-09-10 01:32:34