Дулааны станцын ажлын явцтай танилцлаа
Эрчим хүчний дэд сайд М.Баярмагнайгаар ахлуулсан Ажлын баг дулааны станцын явц байдалтай танилцаж, үүрэг чиглэл өглөө. Одоогоор зураг төсөл, тоног төхөөрөмжийн нийлүүлэлт болон барилга угсралтын ажил 34.3 хувийн гүйцэтгэлтэй байна. Гүйцэтгэгч “Бьюксан Инженеринг” ХХК нь БНХАУ-аас зуухны 99 багц тоног төхөөрөмжийг татан авсан, зуухны угсралтыг ирэх сарын 1-ээс эхлүүлэхээр бэлтгэл ажлыг хангаж байгаа юм. 30 Гкал/цаг хүчин чадалтай дулааны станцыг барихдаа 11 дулаан дамжуулах төв, 8.3 км дулааны шугам сүлжээний ажлыг хамт хийнэ. Үүнээс дулаан дамжуулах төв, дулааны нэгдүгээр хэлхээний шугам сүлжээний ажлуудыг энэ онд гүйцэтгэх төлөвлөгөөтэй ажиллаж байна. Станцын барилга угсралтын ажлын явцад талуудын хяналтыг сайтар тавьж, гарсан асуудлыг хугацаа алдахгүйгээр шийдвэрлэх, шугамын нүхийг ухахдаа аюулгүй байдлыг хангах, ажлыг эрчимжүүлж, төлөвлөсөн хугацаанд ашиглалтад оруулах нь чухал болохыг дэд сайдын зүгээс онцолж хэллээ.
2023-04-13 09:41:13