• Албан ёсны цахим хуудас
ХЭЛМЭГДЭЖ ЯВСАН 508 ХҮНД НӨХӨН ОЛГОВОР ОЛГООД БАЙНА

    Эх орноо гэсэн сэтгэлтэй, зүтгэлтэй бүхнийг баривчлан хорьж, буудан хороож байсан тэртээх аймшигт жилүүдэд Өвөрхангай аймгаас нийт 1500 гаруй хүн хамрагдан хэлмэгдэж байжээ. Тэдгээр иргэдийн дурсгалыг хүндэтгэх ажлыг 9 сарын 10-ны өдөр Өвөрхангай аймгийн хэмжээнд зохион байгууллаа. Жил бүр тэмдэглэдэг уг өдөр аймгийн Цагаатгалын ажлыг удирдан зохион байгуулах салбар комиссоос сумдуудад албан бичиг хүргүүлж, хэлмэгдэгсэд болоод тэдний ар гэрийнхэнд хүндэтгэл үзүүлэхийг мэдэгдсэн ба ажлын төлөвлөгөө гарган хэрэгжүүлсэн юм.

   Энэ хүрээнд Аймгийн ИТХ, Арвайхээр сумын ИТХ, ЗДТГ-аас Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгах энэ өдрийг тэмдэглэж, арга хэмжээнд оролцохоор хүрэлцэн ирсэн 25 иргэний хамт Сайн ноён хан Т.Намнансүрэн,Ерөнхий сайд асан П.Гэндэн нарын хөшөөнд цэцэг өргөлөө. Түүнчлэн Ганданпунцоглин хийдэд буяны ном хуруулах, Орон нутаг судлах музейн Хэлмэгдэгсдийн танхимаар зочлуулах, БОЭТ-ийн нарийн мэргэжлийн эмч нарт үзүүлж, эрүүл мэндийн зөвлөгөө өгөх, хүндэтгэлийн зоог барих, гарын бэлэг гардуулах зэрэг үйл ажиллагааг зохион байгууллаа.

   Цагаатгалын ажлыг удирдан зохион байгуулах аймгийн салбар комиссоос улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэж явсан 1500 гаруй хүнээс 508 хүнд 502 сая төгрөгийн нөхөн төлбөрийг олгоод байгаа ба энэ жил 1930-аад онд хэлмэгдэж явсан Д.Чимдэддорж, Д.Гялбаажав, Л.Чимэдцэрэн нарын ар гэрийнхэнд цагаатгалын мөнгийг нөхөн олгоод байна.

2013-09-12 01:26:12