• Албан ёсны цахим хуудас
Тендерийн гүйцэтгэлд иргэд хяналт тавьдаг боллоо

ТЕНДЕРИЙН ГҮЙЦЭТГЭЛД ИРГЭД ХЯНАЛТ ТАВЬДАГ БОЛЛОО

Төрийн үйлчилгээг сайжруулахад иргэдий оролцоог нэмэгдүүлэх жилийн ажлын хүрээнд Хэрэглэгчийн Эрх Ашгийг Хамгаалах Нийгэмлэг санаачлан иргэд, албан хаагчдаас санал авсны үндсэн дээр Арвайхээр сумын ИТХурлын Тэргүүлэгчдийн хуралд тендерийн гүйцэтгэлд иргэд хяналт тавих журмын төслийг боловсруулан хэлэлцүүлж батлууллаа.

Энэ журам батлагдсанаар төрийн мөнгөөр хийгдэж буй ажлын чанарт иргэд өөрсдөө хяналт тавьж, алдаа дутагдлыг нь засуулах, шаардлага тавих эрхтэй боллоо. Баг бүрт “ИРГЭНИЙ ХЯНАЛТ”-ын баг байгуулагдаж баригдаж буй барилга, зам бусад ажил үйлчилгээнд хяналт тавьж эхэллээ.

Хэрэглэгчийн Эрх Ашгийг Хамнаалах Нийгэмлэг нь  тендер шалгаруулах үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллаж байна.

Журмыг хавсралтаар оруулж байна.

Журам батлах тухай

            Монгол Улсын “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай” хуулийн 7 дугаар зүйлийн 7.7.4 дэх заалтыг үндэслэн сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээс ТОГТООХ нь:

1. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр худалдан авах ажиллагааны гүйцэтгэлд тавих хяналтыг сайжруулах зорилгоор “Иргэний хяналтын журам”-ыг хавсралтаар баталсугай.

2. Журмын хэрэгжилтийг хангуулах, сумын хэмжээнд багуудын дэргэд иргэний хяналтын баг байгуулан, тухайн багийн нутаг дэвсгэрт хийгдэх ажлын гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг багуудын Иргэдийн Нийтийн Хурлын дарга, Засаг дарга нарт үүрэг болгосугай.

3. Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж, биелэлтийг сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд бүтэн жилээр танилцуулахыг аймгийн Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгийн тэргүүн (П.Чимэг)-д  даалгасугай.

 

Дарга                                    Б.ГАНБАТ

 

Сумын ИТХурлын Тэргүүлэгчдийн

2013 оны .....дугаар сарын ...-ны өдрийн

                                                                                   .......тогтоолын хавсралт

Tөрийн худалдан авах ажиллагааны гүйцэтгэлд тавих
“ИРГЭНИЙ ХЯНАЛТынжурам”
 
 
 
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1 Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах ажлын гүйцэтгэлд “Иргэний хяналт” тавих үйл ажиллагааг зохицуулахад энэхүү журмыг мөрдөнө.

1.2 Иргэний хяналт гэдэг нь тухайн багийн нутаг давсгэрт төрийн хөрөнгөөр хийгдэж буй ажил үйлчилгээний гүйцэтгэл, тоо чанар, аюулгүй байдалд тухайн багийн иргэд хяналт тавих үйл ажиллагааг хэлнэ. 

1.3 Иргэний хяналтын журам нь аймаг, сумын ИТХурлын Тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцэгдэж баталгаажсан байна.

Хоёр. Иргэний хяналтын бүтэц, зохион байгуулалт

2.1 Иргэний хяналтын баг нь 5-7 хүний бүрэлдэхүүнтэй байна.

2.2 Иргэний хяналтын багийн гишүүдийг тухайн багийн Иргэдийн Нийтийн Хурлаар хэлэлцэж сонгосон буюу иргэд сайн дураар сонгогдсон байна.   

2.3 Иргэний хяналтын багийн гишүүн үнэмлэхтэй байх бөгөөд үнэмлэхийг тухайн багийн Иргэдийн Нийтийн Хурлаас олгоно.

2.4 Төрийн худалдан авах ажил, үйл ажиллагаа бүрт Иргэний хяналтын багийн гишүүдийн бүрэлдэхүүн өөрчлөгдөж байна.

2.5 Иргэний хяналтын баг нь төрийн худалдан авах ажиллагааны гүйцэтгэлд хяналт хийн, тайлан бичиж, тэмдэглэл хөтөлнө.

Гурав. Иргэний хяналтын багийн эрх, үүрэг

3.1 Иргэний хяналтын баг нь төрийн мөнгөөр хийгдэж буй бараа, ажил үйлчилгээний чанар, тоо хэмжээ, аюулгүй байдалд хяналт хийнэ.

3.2 Иргэний хяналтын баг нь төрийн худалдан авах ажиллагааны гүйцэтгэлд хяналт хийж, тайлан бичиж, тэмдэглэл хөтөлнө.

3.3 Иргэний хяналт хийх явцад гарсан зөрчил, дутагдлыг багийн Иргэдийн Нийтийн Хурлын Тэргүүлэгчдэд танилцуулж, мэдээлнэ. 

3.4 Иргэний хяналтаар илэрсэн зөрчлийн тухай мэдээллийг багийн Иргэдийн Нийтийн Хурлаар хэлэлцүүлж, зөрчлийг арилгуулахаар тухайн гүйцэтгэгч байгууллага, мэргэжлийн хяналт болон холбогдох байгууллагуудад тамга, тэмдэг бүхий албан шаардлагыг хүргүүлнэ.

3.5 Иргэний хяналтаар илэрсэн зөрчил, дутагдал, авсан арга хэмжээг хэвлэл, мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлнэ.

3.6Төрийн мөнгөөр бараа ажил гүйцэтгэж буй байгууллага, этгээдийг зөрчлөө арилгасан талаарх мэдээллийг шаардах эрхтэй.

3.7Тухайн хийгдэж буй ажлын газар олголтын захирамж, гэрчилгээ хүчин төгөлдөр эсэх, техникийн нөхцлийг холбогдох байгууллагуудаас авсан эсэхийг нарийвчлан үзэх эрхтэй.

3.8 Ажлын зураг, төслийг батлагдсан хуваарийн дагуу боловсруулсан байдал, хуулийн дагуу зураг төлөвлөлтөд бүрэн магадлал хийгдсэн эсэхийг үзэж, гаргасан дүгнэлтүүдтэй танилцах эрхтэй.

3.9 Тухайн ажлыг эхлэхдээ мэргэжлийн хяналтын байгууллагаас зөвшөөрөл авсан эсэхийг шалгах эрхтэй.

3.10 Ажлын явцад чанар байдлын талаар тодорхой мэдээллийг зураг төсөл болон мэргэжлийн хяналтын байгууллагаас лавлаж тодруулах эрхтэй.

3.11Шаардлагатай тохиолдолд мэргэжлийн хяналт бусад холбогдох мэргэжлийн байгууллагуудтай хамтран хяналт хийх эрхтэй. 

Хэрэглэгчийн Эрх Ашгийг Хамгаалах Нийгэмлэг зөвлөж байна

Утас 70323270

2013-10-02 03:14:38