Арвайхээр сумын ЗДТГ-ын 10 сарын ажлын үр дүнгээс....
- Монгол Улсын “Иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай” хуулийн 10 дугаар зүйлийн 2 дахь заалтыг хэрэгжүүлж, аймгийн Цэргийн штабаас өгсөн удирдамж, чиглэлийн дагуу бэлтгэл ажлыг чанартай ханган, сумын Засаг даргын (2013 он) а)169 дүгээр захирамжаар 2013 оны 2 дугаар ээлжийн цэрэг татлагын ажлыг 10 дугаар сарын 11, 12-ны өдрүүдэд зохион байгуулж дууслаа. Сумын Цэрэг татлагын товчоонд иргэдээс ирүүлсэн 73 өргөдлийг хэлэлцүүлэн шийдвэрлүүлж, иргэдийн өргөдөл холбогдох баримт материал, товчооны хурлын тэмдэглэл, нэгтгэсэн жагсаалтыг гаргаж, бэлтгэл ажлыг хангасан. Цэрэг татлагын комиссын үзлэгээр 18-25 насны 700 иргэн орохоос 675 буюу 96.4 хувь нь хамрагдсан бөгөөд 32.7 хувь нь эрүүл мэндээр, үүнээс 50 иргэн жинхэнэ албанд тэнцлээ. Энэ жилийн цэрэг татлагын үйл ажиллагаа, бэлтгэл ажлыг сумын түвшинд зохион байгуулалтын өндөр түвшинд гүйцэтгэж, үзлэгт хамрагдалт урьд оны түвшинд байлаа.
- Монгол Улсын Ерөнхийлөгчийн (2007 он) 97 дугаар зарлиг, Засгийн газрын тогтоол (2007 он) 190 дүгээр тогтоолыг хэрэгжүүлж жил бүр 10 дугаар сард Төрийн байгууллагуудын Нээлттэй өдөрлөгийг зохион байгуулах уламжлалт ажлын хүрээнд 10 дугаар сарын 18-ны өдөр байгууллагын өдөр тутмын үйл ажиллагааг иргэд, эцэг эхчүүдэд сурталчлах, иргэдээ сонсч, иргэдийн санал, хүсэлт, өргөдөл гомдлыг хүлээн авч шийдвэрлэх, зохион байгуулалтыг хангахад чиглэсэн ухуулга сурталчилгааг сумын хэмжээнд хэрэгжүүлж ажиллаа. 2013 оныг “Төрийн үйлчилгээний шинэчлэл- Иргэдийн оролцоог нэмэгдүүлэх жил”, “Иргэний оролцоог хангах жил” аймаг, сумын зорилтот жилийн ажлын хүрээнд ИТХ, ЗДТГазар хамтран шинээр санаачлан батлуулсан, сумын ИТХТэргүүлэгчдийн (2013 он) 21 дүгээр тогтоолоор батлагдсан журмыг хэрэгжүүлэн 3 дугаар улирлын БИНийтийн ээлжит хурлуудад төсвийн байгууллагын албан хаагчдыг бүрэн оролцуулахад анхаарч ажилласнаар багийн Иргэдийн Нийтийн хурлын ирц, хуралд оролцогчдын бүрэлдэхүүнд тус тус ахиц гаргаж, сумын ЗДТГазар, харъяа төсвийн байгууллагуудад үлгэр жишээ ажиллаж хэвшлээ.
- Нээлттэй хаалганы өдрийн хүрээнд сумын Засаг даргын Тамгын газар, багийн Засаг дарга нарын ажлын алба, хотын Захирагчийн алба, харъяа төсөвт байгууллагуудын 2013 оны үйл ажиллагаанд хэрэглэгчийн үнэлгээ авч, цаашдын үйл ажиллагааны зорилго, чиглэл, хэрэгжүүлэх арга замыг тодорхойлох зорилгоор ажлыг 10 баг, Тамгын газрын Нэг цонхны үйлчилгээний төвд 94 иргэнээс түүврийн аргаар санал авч, нэгтгэлээ.
- Аймаг, сумын зорилтот жилийн ажлын хүрээнд “Сайн засаглал” аяныг оны эхнээс төсвийн 18, ОНЗЗахиргааны 4 байгууллагад зохион байгуулж, “Нээлттэй утас”-аар байнга санал, хүсэлт, гомдол хүлээн авч тухай бүр шийдвэрлэж ажилласан бөгөөд өдөр тутам нээлттэй, хариуцлагатай, тэгш хүртээмжтэй, ил тод, хүнд суртал чирэгдэлгүй, дотоод хяналт шалгалтыг тавьж ажиллаж байна. Өмнөх жилүүдэд зохион байгуулагдаж байсан өдөрлөгүүдтэй харьцуулахад цаг үеийн хуулийн хүрээнд, мөн жилдээ байнга нээлттэй ажилласнаар иргэдийн нэг өдөрт үүсгэх ачаалалгүй хэвийн явагдсанаараа онцлогтой боллоо.
- Сумын Засаг даргын дэргэдэх зөвлөлийн 13 дугаар хурлаар бүтээн байгуулалт, тохижилтын ажлын хөрөнгө оруулалт (хөгжлийн хөрөнгө оруулалт)-ын мэдээ, төлөвлөгөө, гүйцэтгэлийн ажлын явц, ЕБС, СӨББайгууллагын тойргийн хүүхдийн хамран сургалтын тухай, Монгол мал хөтөлбөрийн хэрэгжилт, явц, үр дүн, газар тариалангийн талаар сумаас баримтлах бодлогын хэрэгжилт, үр дүн, захуудын төрөлжүүлэх ажлын төлөвлөгөөний хэрэгжилт, үр дүнгийн талаарх мэдээллийг тус тус хэлэлцлээ.
- Монгол Улсын “Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхолын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай” хуулийн хүрээнд зөрчлийг арилгах зорилгоор харъяа төсвийн байгууллагуудад зөвлөн туслаж, нийт 6 байгууллагаас 1 байгууллагын зөрчлийг хянуулахаар аймгийн ХЗХэлтэст хүргүүллээ.
- Сумын Засаг даргын (2013 он) а)166 дугаар захирамжийн дагуу албан бус боловсролын дүйцсэн хөтөлбөрийн 2013-2014 оны хичээлийн жилийн суурь, бүрэн дунд боловсрол нөхөн олгох сургалтыг ЕБ-ын 4 дүгээр сургуулийг түшиглэн 2013 оны 10 дугаар сарын 07-ний өдрөөс эхлэн 7, 8 дугаар анги, 10, 11 дүгээр анги тус бүр холимог бүлгээр хичээллэж, 7 хоногт 14-16 төрлийн хичээл 26 цагаар, хичээлийн хуваарийн дагуу явагдаж 15-32 насны 48 иргэн хамрагдаж байна. Суралцагсад 1 дүгээр шатны 8 долоо хоногийн танхимын сургалтаар нийт 208 цагийн хичээлийг судлахаар “Суралцагчийн гэрээ”-г байгуулсан бол дүйцсэн хөтөлбөрийн сургалтанд хичээл заалгахаар 4 дүгээр сургуулийн 17 багштай гэрээ байгуулан ажиллаж байна.
- Шинэ хичээлийн жил эхэлсэнтэй холбогдуулан сургуулийн насны хүүхэд сургуулиас завсардах, сургуулийн гадна хоцрох үзэгдэл гарч болзошгүй байгаа талаар сумын ЗДТГазрын даргын албан тоотоор багийн Засаг дарга нарт зөвлөмж хүргүүлж, завсардсан буюу сургуульд суралцдаггүй 58 хүүхдийн судалгааг гаргаж ирүүлсэн. Багуудаас ирүүлсэн судалгаанд орсон нэр бүхий нийт 25 хүүхэд тус бүрийг хүнд, хүндэвтэр хэлбэрийн хөгжлийн бэрхшээлийн улмаас суралцах боломжгүй байгааг асран хамгаалагч, эмчийн хяналтын бүртгэлийг үндэслэн тогтоож авсан. Сумын хэмжээнд бага ангиасаа завсардсан, эсвэл сургуульд огт ороогүй 17 хүртлэх насны 33 хүүхэд бага боловсрол нөхөн олгох сургалтанд хамрагдах шаардлагатай байгаа нь судалгаагаар гарснаас одоогийн байдлаар 21 хүүхэд сургалтанд хамрагдаж, 12 хүүхдийн эцэг эх, багийн Засаг дарга, Гэгээрэл төвийн хамтран ажиллах гурвалсан гэрээ байгуулж, гэрээнд зааснаар товлосон хугацаанд сургалтанд бэлэн байлгах талаар үүрэг чиглэл өглөө.
- Иргэний бүртгэлийн чиглэлээр эхний 10 сарын дүнгээр шинээр төрсөн 625 хүүхдийг бүртгэн гэрчилгээжүүлэх, гэрлэлтээ бүртгүүлэхийг хүссэн 63 хосын гэрлэлтийг бүртгэх, гэрлэлт цуцлалт 18, баримт бичиг овог нэр, ургын овог нэр зөрүүтэй бичигдсэн 79 иргэний бичиг баримтыг цэгцлэх, эхийн нэрээр овоглогдсон 334 хүүхдэд эцэг тогтоолт, хүүхэд үрчлэлт 18, нас нөгчсөн 159 иргэнийг бүртгэлээс хасах ажлуудыг зохион байгуулсан. Мөн аймаг хот шилжин явахыг хүссэн 18 өрхийн 37 иргэний материалыг хүлээн авч, аймгийн Иргэний бүртгэлийн албанд уламжлах, бусад аймаг хотоос шилжин ирсэн 5 өрхийн 10 иргэнийг багт нь бүртгүүлэн хаягийн шошго наалгах, өөрийн аймгийн сум хооронд шилжихийг хүссэн 3 өрхийн 7 иргэнийг бүртгэлээс хасах, өөрийн аймгийн сумдаас шилжин ирэхийг хүссэн 23 өрхийн 52 иргэний материалыг хүлээн авч, багт нь бүртгүүлэх, өөрийн сумын баг хооронд шилжилт хийгдсэн 23 иргэний хаягийн хөдөлгөөнийг хийх ажлуудыг зохион байгуулав. 25, 45 насны сунгалт, огт үнэмлэх аваагүй байсан зэрэг бүгд 6 хүнийг үнэмлэхтэй болгож, нас барсан 155 иргэн, шинэчилсэн бүртгэлд 449 иргэн тус тус бүртгэлээ.
- Аймгийн МХГазар, аймгийн Мал эмнэлэгтэй хамтран иргэдээс ирсэн гомдлын дагуу төв захын ойр орчмын зураглалд орсон газруудад худалдаалагдаж буй авто машин, мотоциклийн засвар үйлчилгээ, сэлбэгийн худалдаа, айраг, сүү, цагаан идээнд тус тус хяналт шалгалт хийж, албадан нүүлгэх, дээж авах зэрэг ажлуудыг хэрэгжүүллээ.
- Арвайхээр сумын төсөвт болон аж ахуйн нэгж 389 байгууллагын 3 дугаар улирлын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланг онлайн болон НД7, НД8 маягтуудаар хүлээн авч тайланг нэгтгэж хүлээлгэн өгч, мөн нийгмийн даатгалын шимтгэлийн программд 56 байгууллагын 672 ЭМД, НДДэвтэрүүдийг шалган баталгаажуулсан. Мөн “Сум хөгжүүлэх сан”, “Жижиг дунд үйлдвэрийг дэмжих сан”-гаас зээл авсан иргэд аж ахуйн нэгжүүдтэй холбоо барин нийгмийн даатгалд хамруулах ажил зохион байгуулахаар төлөвлөсөн.
- “Нэг цонхны үйлчилгээний төв” нь төрийн үйлчилгээг нэг дороос түргэн шуурхай, нээлттэй, ил тод, хүртээмжтэй байдлыг ханган, үйлчилгээний арга барилаа сайжруулах, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зорилт тавин ажиллаж байна. Иргэдийн саналыг хүлээн авах Нээлттэй утас: 70323912 дугаараар 10 дугаар сард 19 иргэний санал, хүсэлт, гомдлыг хүлээн авч бүртгэл хөтлөн, холбогдох албан хаагчид тухай бүр мэдээллэн, иргэд болон ААН, байгууллагад утсаар хариу өгч ажиллаа. Нэг цонхны үйлчилгээний төвд 10 сарын дүнгээр нийгмийн халамжийн үйлчилгээ 550, иргэний бүртгэл, мэдээллийн үйлчилгээ 1122, газрын харилцаа 462, хөдөлмөр эрхлэлт, үйлдвэрлэл үйлчилгээ 924, мэдээлэл, зөвлөмж угтах үйлчилгээ 858, нийгмийн даатгал 56, нийтдээ 3972 иргэнд үйлчилгээ үзүүлж ажиллаа.
2013-10-27 21:36:53