• Албан ёсны цахим хуудас
Аймгийн Засаг даргын мэндчилгээ

Монголын түүх, соёлын өлгий Өвөрхангай аймгийнхаа эрхэм хүндэт ард иргэд Та бүхэнд айлчлан ирж буй XVII жарны “Ялгуусан” хэмээгч модон морь жилийн мэндийг айлтган мэндчилье. Улиран өнгөрч буй усан могой жил Өвөрхангайчууд Та бидний хувьд ажил үйлс өөдрөг, сэтгэл тэнүүн, байгаль дэлхий ивээлээ хайрласан буянтай жил байлаа. Энэ жил аймгийн эдийн засгийн гол салбар болсон мал сүрэг өмнөх оноос 500 мянга гаруй толгойгоор өсч, 3.5 сая орчим толгой малтай болж, аймгийн эдийн засгийн өсөлт 15.0 гаруйд хүрч, улс, орон нутаг, олон улсын төсөл хөтөлбөрийн санхүүжилтээр 70 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэж, төрийн үйлчилгээний байгууллагуудын ажлын чадвар, хариуцлага сайжирч, ажил бүтээл ундарсан сайхан жил байлаа. Ирж буй морь жилд хүн бүрийн хичээл зүтгэл, харилцаа хандлагад ахиц дэвшил гарч, иргэдээ байнгын орлогын эх үүсвэртэй болгох, аймгийн эдийн засагт эерэг нөлөө үзүүлэх бүтээн байгуулалтыг өрнүүлж, иргэдийн ажиллаж, амьдрах нөхцөлийг бүрдүүлэхэд томоохон амжилт гаргасан он байх болно. Саяхан хуралдсан ИТХ-аас 2014 оныг “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил” болгон зарлалаа. Энэ хүрээнд бизнес, хувийн хэвшлийн салбарыг дэмжсэн, тэдгээрийн ажиллах нөхцөлийг хангахад дэвшил гарсан он байх болно. Мөн эдгээр томоохон зорилтуудыг хэрэгжүүлэхэд иргэд, байгууллага, аж ахуйн нэгжийн идэвхтэй оролцоо, дэмжлэг, хамтын ажиллагаа туйлын чухал байна. Ингээд аймгийнхаа нийт иргэдэд дахин шинэ оны мэнд дэвшүүлж, модон морь жил Өвөрхангайчуудын хувьд эрүүл энх байж, сайн сайхан бүхэн дэлгэрч, хүн бүхэнд аз жаргал, ололт амжилт гийсэн, орлого ашиг арвинтай байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье ЗАСАГ ДАРГА Д.ТОГТОХСҮРЭН

2014-01-29 18:32:24