БАЯР НААДМЫН НЭЭЛТ
Эх сайхан монгол орныхоо гал голомтыг сахин суугаа Өврийн сайхан хангай нутгийн ард иргэд ээ.
Хүндэт зочид, төлөөлөгчид өө, Эрхэм хүндэт наадамчид аа
Монгол үндэстнийхээ өв соёл, эх түүхээрээ бахархан “Үндэсний их баяр наадам”-аа тэмдэглэж буй наадамчин олон Та бүхэндээ
• Тулгар төрийн 2233,
• Их Монгол Улс байгуулагдсаны 818,
• Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113,
• Ардын хувьсгалын 103,
• Та бидний төрөлх нутаг Өвөрхангай аймаг үүсэн байгуулагдсаны түүхт 93 жилийн ойн баяр наадмын мэндийг өргөн дэвшүүлье ээ.
Униартан цэнхэртэх хангай, номин ногоон хээр тал, алтан шаргал говь хосолсон баян тансаг, өгөөж дэлгэр, өгөөмөр тансаг Өврийн сайхан хангай нутагтаа нар хур тэгширсэн дэлгэр зуны энэ сайхан өдөр Монгол түмний хосгүй их баяр цэнгэл, “Өвөрхангай аймгийн Баяр наадам” ийнхүү ёслол төгөлдөр эхлэх гэж байна.
Нутаг орноо гэх халуун сэтгэл өвөрлөсөн ажилч хичээнгүй ард түмэн Та бүхнийхээ хөдөлмөр, зүтгэлийн үр шим, хувь нэмрээр өнөөгийн Өвөрхангай аймгийн нийгэм, эдийн засгийн үзүүлэлтүүд салбар бүрт өсөлттэй гарч, аймаг, орон нутгийн хөгжил алхам алхамаар урагшилсан амжилт, бүтээлээр аймгийнхаа баяр наадмыг угтаж байна.
Улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар энэ онд манай аймагт 390 тэрбум гаруй төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэж, цахим шилжилтийг эрчимжүүлэх, сумдыг болон зарим гэр хорооллыг инженерийн шугам сүлжээнд холбох, хүний хөгжлийг дэмжих, ард иргэдийн ажиллаж, амьдрах ая тухтай орчин, нөхцөлийг нэмэгдүүлэхэд чиглэсэн их бүтээн байгуулалтын ажлыг өрнүүлж, аймгийн эдийн засгийн дотоодын нийт бүтээгдэхүүн 803.6 тэрбум төгрөгт хүрч, өссөн үзүүлэлттэй байна.
Өвөрхангай аймгийг хилийн боомтуудтай холбох авто замуудыг барих ажил энэ онд эхэллээ. Цаашид хэвтээ тэнхлэгээр Замын-Үүд боомттой автозамаар холбогдож, импортын болон экспортын бараа, бүтээгдэхүүний эргэлт шууд хийгдэх боломж ойртож, мөн түүнчлэн бүс нутгийн хөгжлийг дэмжсэн “Шинэ Хархорум”, “Орхон -Онги” зэрэг томоохон төслүүд хэрэгжиж эхлэх үндэс суурь тавигдсаныг баярын энэ өдөр наадамчин олон Та бүхэндээ дуулгахад таатай байна.
Эрдэнэт мал сүрэг маань таван төрөл дээрээ өсч, өнгөрсөн оны дүнгээр 4,7 сая тоо толгойд хүрлээ. Малчин түмэн маань өнгөрөгч өвөл, хаврыг ажрахгүй давж, энэ онд шинэ төлөө 98 хувь бойжуулж, нийт 1,7 сая төл мал хүлээн авч, урин цагтай учран золгоод байна.
Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлсэн бодлого, үйл ажиллагааны үр дүнд төрийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлж, мөн тэдэнд орон нутгийн нэмэгдлийг олгосноор төрийн албан хаагчид болон залуусын маань ажиллах урам зориг сэргэж, түүний дотор боловсролын салбарын багш, сурагчид маань хичээл зүтгэл гаргасны үр дүнд төгсөгч хүүхдүүд маань хэдхэн хоногийн өмнө элсэлтийн шалгалтаа амжилттай өгч, хэмжээст онооны дунджаар 526,8 оноо авч, улсдаа тэргүүн байр эзэлж, Өвөрхангайчууд Та бидний баяр бахдалыг төрүүллээ.
Манай нутгийн байгалийн үзэсгэлэнг харан бишрэхээр, монгол үндэстний түүх, өв-соёлын өлгий нутгийг сонирхон судлахаар манай аймгийг зорин ирэх гадаадын болон дотоодын жуулчдын тоо жилээс жилд нэмэгдэж байгаад талархалтай байна аа.
Эрхэм хүндэт наадамчид аа,
Агуу түүхт нүүдэлчдийн гал голомтыг сахин суугаа Өврийн сайхан хангай нутгийн зон олон маань Дэлхийд ганцхан “Монгол наадам”-аа өнгө төгөлдөр, цог жавхлантайгаар тэмдэглэх гэж байна.
Эрэмгий хүчит бөхчүүдийн маань бяр-мэх нь даацтай
Эгэлгүй хийморьт хүлгийн хурд – шандас нь эрчтэй
Эрхий мэргэн харваачдын цэц – мэргэ нь ончтой байж
Баяр наадмынхаа бэлгэ ерөөлт энэ өдрүүдэд өвөг дээдсийнхээ ёс заншил, өв уламжлалыг хүндэтгэн төрт ёсоо дээдлэн, уул ус, ураг саднаа баясган, хотол олноороо дэнж хотойтол дэлгэр сайхан наадаарай.
2024-07-10 14:43:01