“ШАРКУУДАА НЭГТГЭЕ” АЯНД УРЬЖ БАЙНА
Хүүхдийг Ивээх сангаас орон нутгийн удирдлагууд болон бизнес эрхлэгчдийг төслийн үйл ажиллагаанд татан оролцуулах “Шаркуудаа нэгтгэе” аяныг Өвөрхангай аймагт 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн нэг сарын хугацаанд зарлалаа.
- Хүүхдийг Ивээх сан нь “Орон Нутгийн Өсвөр Үеийнхэнд Хувь Хүний Ур Чадвар, Энтрепренершипийн Боловсрол Олгох” төслийг Өвөрхангай аймгийн Бат-Өлзий, Богд, Гучин-Ус, Хархорин, Хужирт, Сант, Уянга сумдын 13 ЕБС, Насан туршийн суралцахуйн 7 нэгж, Политехникийн коллежийг хамруулан дөрөв дэх жилдээ амжилттай хэрэгжүүлж байна.
- Энэхүү төсөл нь өсвөр үеийн хүүхэд, залуучуудад хувь хүний ур чадвар, энтрепренершипийн боловсрол олгох замаар тэдний сурлагын амжилтыг сайжруулж, цаашлаад хөдөлмөр эрхлэлтэд бэлдэх зорилгоор хэрэгжүүлж байгаа.
- Уг төслийн хүрээнд бичил санхүүжилт олгох тэтгэлгийн уралдаан зарлагддаг бөгөөд 3 үе шаттай уралдаанд амжилттай орж, түрүүлсэн багуудад төслөөс 3,500,000 төгрөгийн санхүүжилтийг тус тус олгосон. Шалгарсан төслүүд 6 сар орон нутагтаа амжилттай хэрэгжүүлж, төслийн хүрээнд хүүхэд залуус сургалтаас олж авсан хувь хүний ур чадвар болон энтрепренершипийн мэдлэгээ бодитоор туршиж, хэрэгжүүлэх (багаар ажиллах, багийн гишүүд болон санхүүжүүлэгчийн өмнө үүрэг, хариуцлага хүлээж сурах, эрсдэл тооцох, төсөв төлөвлөгөөний дагуу хэрэгжүүлэх; шинийг санаачилж бүтээлч сэтгэхүйгээ хөгжүүлэх, боломжийг олж харах г.м), тэр дундаа орон нутгийнхаа нөөц бололцоог танин нээж, орон нутагтаа болон сургуульдаа хэрэгжүүлж болохуйц шинэлэг бизнесийн санаагаа хөгжүүлж байна.
- Одоогийн байдлаар Өвөрхангай аймагт нийт 86 төсөл санхүүжилтээ авч 245.491.600 төгрөгийн хөрөнгө оруулалтыг орон нутагтаа татсан.
Хүүхдийг Ивээх сангаас хэрэгжүүлж буй төслийн хугацаанд нийт 7 удаагийн “Бичил санхүүжилт олгох уралдаан“ зохион байгуулсан бөгөөд 8 дахь уралдаан нь Орон нутгийн удирдлагууд болон Бизнес эрхлэгчдийг төслийн үйл ажиллагаанд татан оролцуулах “Шаркуудаа нэгтгэе” аян юм.
Тус аянд аймгийн төвд болон зорилтот сумдад үйл ажиллагаа явуулдаг, нийгмийн сайн сайхны болон орон нутгийн хүүхэд, залуусаа хөгжүүлэхэд хувь нэмэр оруулах сонирхолтой хувь хүн, бизнесийн байгууллагууд, орон нутгийн удирдлагууд оролцох боломжтой.
“Шаркуудаа нэгтгэе” аянд оролцох хүсэлтээ ХИС-гийн салбарын зохицуулагч Г.Батцэцэг, утас 99185398, мөн Төслийн Бизнес коуч Б.Сүрэнт, утас 95766835 тус тус холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авч болно.
2024-11-06 17:24:54