• Албан ёсны цахим хуудас
Аймгийн МХГ-ын санаачлагаар төв зах шинэчлэгдэж байна.

Аймгийн Мэргэжлийн хяналтын газрын санаачилгатайгаар Арвайхээр сумын хүнс барааны төв захыг албадан нүүлгэж,  тохижуулалтын ажил хийгдэж байна.

Мэргэжлийн хяналтын газрын даргын баталсан 2011 оны 42/04 тоот удирдамжийг үндэслэн хүнсний аюулгүй байдлыг хангуулах, иргэдэд болон нийгэмд учирч болох аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах, орчны эрүүл ахуй, тохижолтын  чиглэлээр цаашид авах арга хэмжээний саналыг боловсруулах зорилготой хяналт шалгалтыг  Арвайхээр сумын хүнс, барааны захад 2011 оны 01 дүгээр сард холбогдох улсын байцаагчид  хийж гүйцэтгэлээ. Шалгалтанд чингэлэгт болон ил задгай худалдаа эрхлэгч 73 иргэн, Мон мандал, Баку,  Марко, Болор, Аз, Түшиг, Шинэ түшиг, Эмт, Арвин, Занабазар, Өв техник, зэрэг худалдааны төвүүдэд хүнсний худалдаа үйлчилгээ эрхлэгчид, техникийн зах, засвар үйлчилгээний газрууд, Арвайхээр сумын “Занабазар” худалдааны төвийн сүү цагаан идээ, махны тасаг, нийтийн  эзэмшлийн газарт ХАА-н гаралтай хүнсний бүтээгдэхүүн худалдаалж буй цэг, авто машины тэвшин дээр ил задгай сүү, цагаан идээ худалдаалж буй иргэд хамрагдсан.

Шалгалтаар нийтийн эзэмшлийн газрын зам талбайн цасанд дарагдсан, худалдааны төвүүдийн орчинд их хэмжээний хог хаягдал, үхсэн нохойн сэг зэм үүссэн, ахуйн болон  химийн барааг хүнсний бүтээгдэхүүнтэй хамт худалдаалдаг,  түргэн гэмтэх хүнсний бүтээгдэхүүн ил задгай худалдаалдаг, худалдааны төвүүд  агуулахдаа  ариутгал хийлгээгүй байна.

Дээрхи байдалд дүгнэлт хийж тус газраас санаачлан Арвайхээр сумын төв захын орчны эрүүл ахуй, тохижолтыг сайжруулах ажлын төлөвлөгөө, санал гаргаж аймгийн Засаг даргад танилцуулсанаар “Арвайхээр сумын төв захын орчны эрүүл ахуй, тохижилтыг сайжруулах” ажлыг зохион байгуулах ажлын хэсэг, төлөвлөгөөг Аймгийн Засаг даргын захирамжаар баталж  төлөвлөгөөний дагуу Цагдаагийн газар, Арвайхээр сумын ЗДТГ, Захирагчийн алба, Онцгой байдлын газар хамтран 2011 оны 4 дүгээр сарын 14-25-ны өдрүүдэд Арвайхээр сумын төв захад дараахь ажлуудыг хийж гүйцэтгэлээ.

Үүнд:

1.Шаардлага хангаагүй газарт үйл ажиллагаа явуулж байсан контейнер, чингэлэг, цэг байгууламжуудыг албадан нүүлгэлээ.

 -        Нийтийн эзэмшлийн зам талбайд байрласан гурилын 11 чингэлэг, иргэн Базарсадын эзэмшил газар дээр байрлаж байсан хоёрдогч түүхий эдийн 2, барилгын 6, гурилын 9 чингэлэгийг албадан нүүлгэж, Занабазар ХХК-ийн эзэмшил газар дээр байрлуулж, 4 цэг байгууламжийг өөрсдийн хашаанд нь буулгасан.

-        Захын гол зам дагуу нийтийн эзэмшлийн зам талбай зогсоол дээр байрлаж байсан 23 жижиг худалдаа эрхлэгч иргэнийг /модон амбаар/ иргэн Ю.Эрдэнэбилэгийн эзэмшил газар дээр төрөлжүүлэн байрлуулж, эзэмшигч нь тодорхойгүй 4 амбаар савыг Арвайхээр сумын ЗДТГ-ын хашаанд буулгав.

-        Ажлын байрны стандартын шаардлага хангахгүй өнгө үзэмжгүй вагончик, амбаарт хоол үйлдвэрлэл эрхэлж байсан 11 иргэний үйл ажиллагааг зогсоож, татан буулгаж, зарим нь хүсэлтийнхээ дагуу байрандаа худалдаа эрхлэхээр болсон.

-        Мандал, Занабазар худалдааны төвийн урд нийтийн эзэмшлийн зам, зогсоол дээр байрлаж байсан 24 гурил, 8 хүнсний чингэлэгийг нүүлгэж, Занабазар ХХК-ийн эзэмшил газар дээр төрөлжүүлэн байрлууллаад байна.

-        Занабазар худалдааны төвийн урд болон гол зам дагуу байрлаж байсан сүү цагаан идээ худалдаалдаг 14 иргэний амбаар савыг нүүлгэн өөрсдийн хашаанд нь буулгаж, сүү цагаан идээний ил задгай худалдааг зогсоож, Занабазар төв болон, Өлзийт дэлгүүрт сүү цагаан идээ худалдаалдаг иргэдийг  оруулсан.

-        Зах дээр болон “Бумбат” худалдааны төвийн ойролцоо байрлаж байсан 13 гутал засварын үйлчилгээг төрөлжүүлэн Занабазар ХХК-ийн эзэмшил газар дээр байрлуулав.

-        Мөн Техникийн зах болон түүний орчинд байрласан сэлбэгийн худалдаа, гагнуур, дугуй засвар, машин угаалгын 117 цэг байгууламжийг “Орд өргөө” зах руу нүүлгэж, төрөлжүүллээ.

-        Төв захын 2 давхар барилгын баруун талын гол хаалганы харалдаа 3 чингэлэг, 6 амбаарыг шилжүүлэн нүүлгэж, галын аюулгүй байдлын гарц гаргуулсан. Захыг нүүлгэн шилжүүлж, төрөлжүүлэн зохион байгуулахад 300-аад цэг байгууламж хамрагдсан байна.

 

2011-05-20 10:00:41