Аймаг орон нутгийн цаг үеийн үйл ажиллагаа болон Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн нээлттэй утас 7032-1111 тоот утсанд иргэдийн зүгээс ирүүлсэн санал, хүсэлтийг хэлэлцэж, шийдвэрлэдэг хэлтэс агентлагуудын дарга нарын шуурхай хурал өнөөдөр хуралдлаа.
Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд 7032-1111 утсанд нийт 77 иргэн ханджээ. Иргэдээс ирсэн санал, гомдлын дийлэнх нь сургууль, цэцэрлэгтэй холбоотой асуудлуудаар холбогдсон байна. Тодруулбал төгсөлтийн баяр тохиож байгаатай холбогдуулан эцэг, эхчүүдийн зөвлөлөөс бусдынхаа боломж бололцоог үл харгалзан мөнгө хураадаг нь иргэдэд санхүүгийн хүндрэл учруулдаг ажээ.
Мөн сурагчдын дүрэмт хувцас чанаргүй, өнгө үзэмж муутайн дээр хэтэрхий үнэтэй байна гэсэн санал гомдлыг иргэд хөндсөөр байна.
Шуурхай хурлаар Засаг даргын зүгээс Хууль зүйн хэлтэс, Цагдаагийн газар, Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтэст “Цахим тоглоомын газрын үйл ажиллагааг зохицуулах журам”-ын хэрэгжилтийг хангаж, хяналт тавьж ажиллахыг даалгасан юм.
Хурлын төгсгөлд “Бүх нийтээр мод тарих өдөр”-үүдийн хүрээнд албан байгууллагуудыг тус үйл ажиллагаанд идэвхитэй, үр бүтээлтэй оролцохыг сануулж, мод бут арчлах талаар мэдлэг мэдээлэл олгох сургалтанд байгууллага бүрээс төлөөллүүдийг хамруулахаар боллоо.