“Иргэдийн аялал жуулчлал эрхлэхэд баритлах журам”-ыг баталлаа
Өвөрхангай аймаг нь байгалийн болоод түүх соёл, аялал жуулчлалын томоохон бүс нутаг. Энэ ч утгаараа манай аймгийг зорих гадаад, дотоодын жуулчдын тоо нэмэгдэж байгаа билээ. Үүнээс улбаалан зөвхөн жуулчдын бааз гэлтгүй, хөдөөний иргэд гэр барьж аялал жуулчлалын үйл ажиллагаа эрхэлж байгаа юм.
Ялангуяа Орхоны хөндийн бүс нутгийн дагуу Төвхөн хийд, Улаан цутгалан орчим олон тооны гэрийг замбараагүй барьж гадаад, дотоодын жуулчдыг байрлуулдаг нь жуулчдад үзүүлэх үйлчилгээ, эрүүл ахуйн чанартай холбоотой олон сөрөг асуудлыг дагуулж байгаа учир энэ байдлыг журамлаж, нэгдсэн зохион байгуулалтанд оруулахаар шийдвэрлэлээ.
“Дотуур байр-Бидний гэр” аймгийн нэгдсэн хөтөлбөрийг баталлаа
Аймгийн 19 сумын, 21 сургуулийн нийт 30 дотуур байр сурагчдын 2 дахь гэр орон болж үйл ажиллагаагаа явуулж байна. Гэвч сүүлийн жилүүдэд дотуур байранд хамрагдах хүүхдүүдийн тоо эрс буурч байна гэсэн судалгааг Боловсролын газраас гаргажээ. Энэ нь тэдний дотуур байранд амьдрах аятай, тухтай аюулгүй орчин бүрдээгүй улмаас гарч байгаа асуудал юм байна.
Иймээс “Дотуур байр-Бидний гэр” аймгийн нэгдсэн хөтөлбөрийг баталж 2014 оноос эхлэн тус хөтөлбөрийг хэрэгжүүлж, бүх сумдын дотуур байрыг стандартын дагуу тохижуулан, боловсон бие засах газар, шүршүүр, гадна дотно камертай болгох ажлыг 2016 он гэхэд хийж гүйцэтгэхээр шийдвэрлэлээ. Ингэснээр хөдөө орон нутгийн хүүхдүүд тав тухтай орчинд сурч, боловсрох нөхцөл бүрдэх юм.