Жил бүрийн тав, аравдугаар саруудад бүх нийтээрээ мод тарих тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг 2010 онд гарснаас хойш 5 дахь жилдээ хэрэгжиж байна. Мөн аймгийн Засаг даргын 2012-2016 оны “Бүтээлч Өвөрхангай” үйл ажиллагааны хөтөлбөрт төв суурин газрын ногоон байгууламжийн хэмжээг дөрөв дахин нэмэгдүүлэх зорилт тусгагдсаны үндсэн дээр 4 дүгээр сарын 30-аас 5 дугаар сарын 30-ыг хүртэлх хугацаанд мод, бут тарих, зүлэгжүүлэх, цэцэгжүүлэх аянд ард иргэд, албан байгууллагууд нэгдээд байна.
Бүх нийтээрээ мод тарих хөдөлгөөнийг аймгийн Байгаль орчны газар, Арвайхээр сумын Засаг даргын Тамгын газартай хамтран зохион байгуулж байгаа юм. Арвайхээр хотод үйл ажиллагаа явуулж буй албан байгууллагууд өөрсдийн зардлаар мод тарих үйл ажиллагаа энэ долоо хоногийн ажлын эхний өдрөөс өрнөж эхэлсэн.
Бүх нийтээрээ мод тарих аянд эхний 7 хоногийн байдлаар нийт 67 албан байгууллага хамрагдаж, Гэндэнгийн гудамж, Намнансүрэнгийн гудамж, Хүүхэд залуучуудын парк, Пүрэвдоржийн нэрэмжит талбайд шар хуайс, улиас, голт бор, гүйлс, монос зэрэг нийт 8600 гаруй мод, бутыг суулгажээ. Албан байгууллагууд өөрсдийн тарьж, суулгасан мод, бутаа гурван жилийн хугацаанд арчилж, ургуулах үүргийг гүйцэтгэх юм
Бүх нийтээрээ мод тарих аяны хүрээнд аймгийн төвд нийт 10000 гаруй мод, бутыг тарих төлөвлөгөөтэй ажиллаж байгаа ажээ.