Английн иргэн “Дэнлүү барьсан эмэгтэй” хэмээн дэлхийд алдаршсан сувилагч, багш Флоресне Найтелгелийг сувилахуйн ухааныг үндэслэгч хэмээн үзэж түүний төрсөн өдөр буюу 5 дугаар сарын 12-ныг олон улсын сувилагчдын нийгэмлэгээс сувилагчдын баярын өдөр болгосон байна. Манай улсын хувьд тус өдрийг 1995 оноос эхлэн тэмдэглэж эхэлжээ.
“Олон улсын сувилагчдын өдөр”-ийг тохиолдуулан улсын нэгдсэн арга хэмжээг Эрүүл мэндийн яам, Өвөрхангай аймгийн Засаг даргын Тамгын газар, Эрүүл мэндийн газар, Бүсийн оношилгоо, эмчилгээний төв хамтран “Эх, хүүхдийн сувилахуйн тусламж үйлчилгээний чанар аюулгүй байдлыг сайжруулья” уриатайгаар энэ сарын 12-13-ны өдрүүдэд улсдаа сувилахуйн чанар үйлчилгээгээрээ тэргүүлж яваа хэмээн Өвөрхангай аймагт зохион байгууллаа.
Тус чуулганд 21 аймаг, Нийслэлээс төлөөлөл болсон нийт 200 гаруй сувилагчид оролцлоо. “Олон улсын сувилагчдын өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний хүрээнд сувилагчдын дунд зохион явуулсан “Эх, хүүхдийн сувилахуйн тусламж үйлчилгээний өнөөгийн байдал” эрдэм шинжилгээ, судалгааны ажлын дүнг хэлэлцэхээс гадна сувилагчдын дунд гарч буй нийтлэг алдаа, зөрчил, тулгамдаж буй асуудлаа тодорхойлон, түүнийг хэрхэн шийдвэрлэх талаар арга туршлагаа солилцлоо.