Монгол улсад орчин цагийн музей 1924 онд албан ёсоор олон нийтэд үйлчилж эхэлснээс хойш өдгөө 90 дэх жилтэйгээ учран золгож байна.
Харин манай аймгийн музейн хувьд 1951 оноос эхлэн түүхийн ховор нандин үзмэрүүдийг ард олныхоо мэлмийд хүргэсээр байгаа билээ. Өнөөдрийн байдлаар “Занабазарын дурсамж музей” “Үндсэн музей” гэсэн хоёр хэсэгтэй 7 үзмэрийн танхимтайгаар үйл ажиллагаагаа явуулж буй тус музейд манай аймгаас төрөн гарсан 5 гавьяат сийлбирчний дахин давтагдашгүй бүтээлүүд ард түмний бахархал, түүхийн үнэт өв болон хадгалагдсаар байна.
Түүхт 90 жилийн ой, олон улсын музейн өдрийг тохиолдуулан аймгийн музей нь хойч ирээдүй болсон хүүхэд багачууд, залуучууддаа түүх соёл, өв уламжлалаа сурталчилах, таниулах, өвлүүлэн үлдээх зорилгоор олон төрлийн арга хэмжээнүүдийг зохион байгуулжээ.
Арвайхээр хотын ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдын дунд “Бид соёлын өвөө хайрлан хамгаалъя” уриатай явган аялал, сургуулийн өмнөх боловсролын бэлтгэл бүлгийн хүүхдүүдийн дунд “Шагайн наадам” уралдаант тэмцээнийг зохион байгуулснаас гадна Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба, Зэвсэгт хүчний 256 дугаар анги, 113 дугаар ангийн ажилтан албан хаагчдыг хамарсан АХА танин мэдэхүйн уралдаант тэмцээнийг зохион явуулсан байна.