Аймгийн хэмжээнд жил бүр ерөнхий боловсролын сургуулийг 1000 гаруй хүүхэд төгсдөг гэсэн статистик тоо байна. Энэ жилийн хувьд 1392 хүүхэд бүрэн дунд боловсрол эзэмшиж, элсэлтийн шалгалт өгөх хугацаа нь нэгэнт хаяанд иржээ.
Энэ цаг үед аймгийн Засаг дарга төгсөх ангийн сурагчидтай уулзаж тэдэнд мэргэжлээ хэрхэн зөв, оновчтой сонгох талаар зөвлөгөө өгч, аймаг орон нутгийн хөдөлмөрийн эрэлт хэрэгцээг танилцуулсан юм. “Амьдралынхаа туршид орлогын эх үүсвэр болох мэргэжлийг сонгох хэрэгтэй, ялангуяа нарийн мэргэжлийн хүмүүс манай аймагт дутмаг байна, тэр дундаа инженерүүд” хэмээн аймгийн Засаг дарга онцоллоо.
Мэргэжил сонголтон дээрээ алдаж буруу сонголт хийснээр дээд боловсролтой ажилгүй иргэдийн тоо буурахгүй байгаа юм байна. Иймд дээд боловсролтой ажилгүй иргэдийн тоог нэмэхгүйн тулд нийгэмд эрэлттэй мэргэжил сонгох нь төгсөгчдийн хувьд чухал шийдвэр болоод байна.