2014 оныг аймгийн хэмжээнд “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил” болгон зарласан. Тус зорилтот жилийн хүрээнд “Манлай малчдын зөвлөлгөөнийг аймгийн ЗДТГ, Засаг даргын дэргэдэх Үйлдвэр, хөдөө аж ахуйн газар, Хөдөлмөрийн хэлтэс болон аймгийн Малчид тариаланчдын холбоо, Хаан банктай хамтран зохион байгууллаа. Тус арга хэмжээнд буянт мал сүргээ 1000-аас дээш тоонд тоолуулсан 302 манлай малчид оролцсон юм.
Зөвлөлгөөний үр дүнд малчдын эрүүл мэндийг хамгаалах, нийгмийн баталгааг хангах, ашиг орлогыг нэмэгдүүлэх, амьжиргааны түвшинг дээшлүүлэх, мал сүргийн чанарыг сайжруулах, эрүүлжүүлэх, хөдөө орон нутагт ажлын байрыг нэмэгдүүлж ядуурлын түвшинг бууруулах зэрэг олон тулгамдсан асуудлуудыг хэлэлцэж тодорхой шийдлүүдэд хүрсэн бөгөөд зөвлөлгөөнд оролцсон малчдаас аймгийн нийт малчдад хандсан уриалга гаргажээ.
Мөн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жилийн хүрээнд хөдөө орон нутагт ажлын байрыг нэмэгдүүлэх зорилгоор манлай малчидтай “шинээр туслах малчин авах" гэрээг байгуулсан юм. Уг гэрээнд “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил”-ийн хөрөнгөөс туслах малчдын сайн дурын эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг төлөхөөр заасан байна.
Энэхүү арга хэмжээнд зориулж Өвөрхангай аймгаас төрөн гарсан хөдөлмөрийн баатар, гавьяат малчид, улсын сайн малчдын мал маллах арвин их туршлагуудыг багтаасан гарын авлагыг гаргасан агаад тус номыг манлай малчдад гардуулан өгөв.