ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН “МАНЛАЙ МАЛЧДЫН ЗӨВЛӨЛГӨӨН”-Д ОРОЛЦСОН МАЛЧДААС НИЙТ МАЛЧДАД ХАНДАЖ ГАРГАСАН УРИАЛГА
2014.05.23
Тус зөвлөлгөөнөөр малчдын өмнө тулгамдсан олон асуудлуудыг хэлэлцэж, бүх малчдыгаа мал аж ахуйн салбарт амжилттай ажиллаж, амьдрах нэгэн зорилго тэмүүлэлтэй байхыг уриалан “Манлай малчдын зөвлөлгөөнд оролцсон малчдаас нийт малчдад хандаж дараах уриалгыг гаргажээ.
1.Бэлчээрийн мал аж ахуйг зах зээлийн эрэлт хэрэгцээ, бүс нутгийнхаа байгаль цаг уур, бэлчээрийн даацад тохируулан үр ашигтай эрхэлж, малчин өрх бүр үйлдвэрлэгч болж, ашиг орлогоо нэмэгдүүлэн, амьжиргааны түвшингээ дээшлүүлэхийн төлөө чармайн ажиллацгаая.
2.Өнө эртнээс уламжлагдаж ирсэн мал маллагааны арвин баялаг туршлагаас суралцахын зэрэгцээ, өөрийн мэддэг, чаддаг бүхнээ залуу үеийнхэндээ заан сургаж, өвлүүлэн, шинэ залуу малчдын халааг бэлтгэхэд хүн бүр хүчин чармайлт гаргацгаая.
3.Монгол заншлаа хадгалж, айл саахалтаараа, ахан дүүсээрээ, нутаг усаараа, бүлэг, хоршоо байгуулан хүч хөдөлмөрөө хоршин, байгаль цаг уур, зах зээлийн хүндрэл бэрхшээлийг хамтдаа хохирол багатай даван туулцгаая.
4.Хүн амыг аюулгүй хүнсээр, үйлдвэрийн чанартай түүхий эдээр хангахын тулд мал эмнэлэг, үржлийн арга хэмжээнд малаа технологийн хугацаанд бүрэн хамруулж, хот, бэлчээрийн ариун цэврийг сайжруулан элдэв өвчний голомтыг устгаж, мал сүргээ аливаа өвчин эмгэгээс эрүүлжүүлж, эрүүл малтай болцгооё.
5.Нутгийн өндөр ашиг шимтэй малаа өөр дотор нь шилж, сонгон үржүүлэхийн зэрэгцээ гадны аймаг, сумдаас бүс нутгийнхаа онцлогт тохирсон ашиг шим арвинтай малыг сонгон сайжруулагчаар ашиглах замаар мал сүргийнхээ чанарыг сайжруулахын төлөө малчин бүр чармайн ажиллацгаая.
6.Малчин өрх бүр өвөл, хаврын улиралд мал сүрэгтээ шаардагдах хэмжээний өвс, тэжээлийн нөөцийг бүрдүүлж, хашаа хороогоо дулаалан, хужир шүүгээ базааж, учирч болзошгүй бэрхшээлийг даван туулах чадвартай болцгооё.
7.Байгалийн давтагдашгүй хүчин зүйлийн улмаас гарч болох хохирлоос хамгаалж мал сүргээ даатгуулцгаая.
8.Малчин бүр эрүүл мэнд, нийгмийн даатгалд сайн дураараа хамрагдаж өөрсдийнхөө эрүүл мэнд, нийгмийн баталгааг бий болгоцгооё
9. Ажиллах хүчний хангамж дутагдалтай байгаа малчин өрх бүр туслах малчинтай болж, цаг үеийн ажлын үеэр түр хугацаагаар хүн хөлсөөр авч ажиллуулах зэргээр хөдөө орон нутагт ажлын байрыг нэмэгдүүлэх, ядуурлыг бууруулахад малчин бүр хувь нэмрээ оруулцгаая.
10.Малчин бүр бэлчээрээ хайрлан хамгаалж, талхлагдсан бэлчээрийг амрааж, өнжөөх, сэлгэж ашиглах замаар нөхөн сэргээх боломжийг бий болгохын төлөө чармайн ажиллацгаая.
11.Малын хулгайч нартай нутаг ус, баг, сумаараа хамтран тэмцэж, малынхаа хариулга маллагаанд тавих хараа хяналтаа сайжруулах, хоорондоо мэдээлэл солилцох, хууль хяналт, олон нийтийн байгууллагуудтай хамтран ажиллах зэргээр хулгайч нарт боломж олгохгүй байх талаар малчин бүр идэвхи чармайлт гарган ажиллацгаая.
АЙМГИЙН МАНЛАЙ МАЛЧДЫН ЗӨВЛӨЛГӨӨНД ОРОЛЦОГЧ МАЛЧИД