Аймгийн нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх 2014 оны үндсэн чиглэлд “Архидалтгүй Өвөрхангай” хөтөлбөрийг боловсруулан, хэрэгжүүлэхээр тусгасан. Уг хөтөлбөрт 7 хоног бүрийн баасан гаригийг архи, согтууруулах ундаагаар үйлчлэх, түүнийг зарж борлуулахыг хориглосон бөгөөд энэхүү хөтөлбөрийг сурталчилах, ажлыг эрчимжүүлэх зорилгоор сар бүрийн сүүлийн 7 хоногийн баасан гаригт архидалтын эсрэг өдөрлөгийг зохион байгуулж байх талаар аймгийн Засаг даргын захирамж гарсан.
Үүний үндсэн дээр Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Засаг дарга, түүний Тамгын газар, төрийн бус байгууллагуудтай хамтран “Архи тамхины эсрэг” өдөрлөгийг зохион байгууллаа. Өдөрлөгт төрийн байгууллагын ажилтан, албан хаагчид, ерөнхий боловсролын сургуулийн сурагчид, иргэд, олон нийт хамрагдан архи, тамхины хорт зуршлаас татгалзаж, биен тамир, спортоор хичээллэхийг уриалж байв. Мөн энэ үеэр бүх нийтийн кросс гүйлтийн тэмцээнийг өдөрлөгт оролцогчдын дунд зохион байгуулж аваргуудыг тодруулсан юм.
Архинаас шалтгаалж маш олон иргэд ажил, амьдрал, эрүүл мэндээрээ хохирч байгаа өнөөгийн нийгэмд тус хөтөлбөр хэрэгжиж эхэлснээр архидан согтуурахтай холбоотой гарч буй гэмт хэргүүд тодорхой хэмжээгээр буурч байгаа тухай аймгийн Цагдаагийн газраас мэдээлж байлаа.