Улсын замын сангийн хөрөнгөөр 2014 онд гүйцэтгэх зам засвар, арчлалтын ажлын захиалагч, хэрэгжүүлэгч, гүйцэтгэгч нарын хооронд 2014 оны 04 сарын 18-нд гэрээ байгуулсан. Тус гэрээнд Зам тээврийн яамны төрийн нарийн бичгийн дарга Б.Батзаяа, аймгийн Засаг дарга Д.Тогтохсүрэн, “ӨВ-АЗЗА” ТӨХК-ний гүйцэтгэх захирал Ц.Батсуурь нар гарын үсэг зурсан юм.
Уг ажлын хүрээнд Улаанбаатар-Арвайхээр чиглэлийн 147.1 км, Арвайхээр-Баянхонгор чиглэлийн 136 км, Хархорин-Хужирт-Арвайхээр чиглэлийн 54 км, Арвайхээр-Гучин-Ус-Шивээхүрэн-Улсын хил чиглэлийн 485 км замуудын засвар арчлалтын ажил хамрагддаг бөгөөд уг ажлын нийт зардал 1216.8 сая төгрөг болж байгаа аж. Мөн уг гэрээг “Хархорин-АЗЗА” ТӨХК-тай байгуулж, “Хархорин-АЗЗА” ТӨХК нь Элсэнтасархай-Хархорин чиглэлийн 77 км, Хархорин-Цэцэрлэг чиглэлийн 92.2 км, Хархорин-Хужирт-Арвайхээр чиглэлийн 37.8 км, Хархорин-Хөшөөцайдам-Өгийнуур чиглэлийн 56 км замуудын засвар арчлалтыг 771.3 сая төгрөгөөр хийх юм байна. Өнөөгийн байдлаар уг ажлуудын гүйцэтгэл 30 хувьтай явагдаж байгаа бөгөөд аймгийн ЗДТГазар, Тээвэр авто замын газар, Мэргэжлийн хяналтын газрын зохих мэргэжилтнүүд хяналт тавин ажиллаж байна.
Мөн аймгийн төв Арвайхээр хотын Т.Намнансүрэнгийн гудамжинд 0.870 км хатуу хучилттай авто зам, 10 дугаар багийн чиглэлд 1.3 км хатуу хучилттай авто зам, 4,8 дугаар багийн чиглэлд 0.793 км хатуу хучилттай авто замуудыг явган хүний зам, гэрэлтүүлэг, ногоон байгууламжийн хамт иж бүрнээр нь барьж байна.