Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн 7032-1111 тоот утсанд өнгөрсөн 14 хоногийн хугацаанд давхардсан тоогоор нийт 80 иргэн хандсан байна. Эдгээр иргэдийн дийлэнх хувь нь гэр хорооллын 9 дүгээр багийн худагт 2-3 хонож ус ирж байна, хүнсний талон эзнээ олж хүрэхгүй байна, Зүүнбаян-Улаан сумын нутагт алт олборлолтын үйл ажиллагаа явуулдаг алтны уурхайнууд шороо угаасан усаа голын усанд хийж, байгаль орчин бохирдуулж байна зэрэг гомдлуудыг давтамжтайгаар гаргажээ.
Дээрх асуудлуудыг холбогдох хэлтэс, албадыг анхааралдаа авч ажиллахыг аймгийн Засаг даргын орлогч О.Батжаргал үүрэг болголоо.
Мөн тус хурлаар “Төсвийг хэмнэлтийн горимд шилжүүлэх тухай” Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 147 дугаар захирамжийг үндэс болгон гаргасан аймгийн Засаг даргын захирамжийг танилцуулсан юм.
Хурлын төгсгөлд ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор Арвайхээр хотод тарьсан мод, бутын тоо, хэмжээ болон усалгаа, арчилгааны явцын талаар холбогдох албаны хүмүүс тайлагнаж, мод, бутыг идэвхтэй ургалтын үед нь сайтар арчлахыг сануулж байлаа.