Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний алба нь 2009 оны 1 дүгээр сарын 1-ээс эхлэн аймаг, орон нутгийн хэмжээнд үйл ажиллагаагаа бие даан явуулж байгаа залуухан байгууллага. Саяхан тус албаны даргаар цагдаагийн дэд хурандаа Б.Батбаяр томилогджээ.
Шүүхийн шинжилгээний алба нь аймгийн хэмжээнд гарсан нийт гэмт хэргийн газрын үйлдлийн ул мөрийг шинжлэх ухааны үндэслэлтэй нотлон тогтоох, гэмт хэргийн ул мөрийн бүхий л тодорхой шинжилгээнүүдийг хийж гүйцэтгэх үндсэн чиглэлтэй алба юм.
Уг албаны 5 жилийн ой энэ жил тохиож байгаа аж. 5 насныхаа босгон дээр алба хаагчдынхаа мэргэжил боловсролыг дээшлүүлэх, байгуулагдаад төдий удаагүй байгаа албаа улам бэхжүүлэх, ард иргэдэд сурталчилан таниулах, бусад хүчний болон хуулийн байгууллагуудтай хамтын ажиллагаагаа сайжруулах, хамгийн гол нь ажлын үр дүнгээ нэмэгдүүлж, хийж хэрэгжүүлсэн ажлаа иргэдэд болон мэргэжлийн байгууллагуудад тайлагнах зорилготой ажиллаж байгаа юм байна.
Тус албаны Криминалистикийн хэсэг нь: Монгол Улсын Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан эрх бүхий этгээдийн тогтоол, захирамжийн дагуу криминалистикийн тодорхой төрлийн шинжилгээг хийж байна. Үүнд:
Гарын, мөрний адилтгалын шинжилгээ
Бичиг судлалын шинжилгээ
Мөр судлалын шинжилгээ
Галт зэвсгийн шинжилгээ
Эвдлэгч багаж хэрэгслийн мөр судлалын шинжилгээ
Шүүх эмнэлгийн хэсэг нь:
Задлан шинжилгээ
Нас барсан шалтгааныг шинжлэн тогтоох
Гэмтлийн зэрэг тогтоох
Бэлгийн маргаантай асуудлыг шийдвэрлэхэд үзлэг шинжилгээ хийж дүгнэлт гаргах
Мөн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн хэлтэстэй хамтран:
Эд, эсийн
Цусны бүлэг тогтоох
Согтолтын зэрэг тогтоох
Химийн, биологийн болон хүний ДНК буюу генетикийн шинжилгээний дээжүүдэд лабораторын шинжилгээ хийдэг алба юм.